Monday, January 5, 2009

Дэлхийн санхүүгийн орчинд гарч буй өөрчлөлт, тэдний уялдаа холбоо

Оршил
Ази, Номхон далайн бүсийн банкны сургалтын байгууллагуудын 12 дугаар чуулга уулзалтыг нээх завшаан тохиож байгаад маш таатай байна.
Та бүхний анхаарлыг дэлхийн санхүүгийн орчинд шинээр бүрэлдэн гарч буй чухал өөрчлөлт, шинэчлэлт, урган гарч буй тодорхой зорилтуудад хандуулахыг хүсч байна.

Дэлхийн санхүүгийн орчинд гарч буй өөрчлөлт, тэдний уялдаа холбоо
Дэлхийн санхүүгийн орчинд гарч буй өөрчлөлтүүдийг бид хоёр хувааж үзэж болох юм. Нэгдүгээрт, санхүүгийн зах зээл дээр ихээхэн өөрчлөлт, шинэчлэл гарч байна. Эдгээр өөрчлөлтүүдийн талаар бодох нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг анхаарах хэрэгтэй гэж үзлээ.
Юуны өмнө, санхүүгийн зах зээл дээр гарч буй өөрчлөлтүүдийг авч үзье. Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд санхүүгийн зах зээлийн интеграчлал, либеральчлалын үйл явц эрчимтэй өрнөж байна. Санхүүгийн байгууллага хоорондын өрсөлдөөн ширүүсч, өөрсдийнхөө үйл ажиллагааны цар хүрээг тэлэхэд, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Санхүүгийн зах зээл дээр гарч буй эдгээр өөрчлөлтүүд нь нэг талаар санхүүгийн байгууллагуудын томоохон үйлчлүүлэгчдийн эд хөрөнгийг улам өсгөн арвижуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар, эдгээр нь дотоодын болон олон улсын санхүүгийн тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэхэд, зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг боллоо.

Санхүүгийн байгууллагуудаас өнөөдөр үйлчлүүлэгчид их олон төрлийн, төрөл тус бүртээ өргөн сонголттой, уян хатан үйлчилгээ авах боломжтой болсон билээ. Хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх чадавхи ч ихээр нэмэгдсэн. Санхүүгийн байгууллагууд хөрөнгөө төрөлжүүлж байршуулах өргөн сонголттой болсны зэрэгцээ шинээр гарч ирсэн болзошгүй алдагдлаас өөрийгөө хамгаалах шинэлэг техник, хеджингийн хэрэгслэлүүдийг эзэмшиж эрсдэл удирдах чадавхиа сайжруулж чадсан. Олон улсын санхүүгийн зах зээлийн интеграчлал, санхүүгийн дансны либеральчлал нь амархан ашиг олох сонирхолтой бэлэн мөнгөний урсгалыг өндөр үр ашигтай хөрөнгө оруулалт болгож байна. Энэ нь олон улсын хэмжээнд санхүүгийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлж, хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын аль алинд нь ашиг тусаа өгч байна.
Санхүүгийн зах зээл дээр гарч буй өөрчлөлтүүд нь нэг талаар эерэг нөлөөлөлтэй байгаа хэдий ч бид эрсдэл агуулж байгаа зүйлүүдийг нь анхааралдаа авалгүй орхиж болохгүй.
Аливаа улс руу чиглэсэн, түүнээс гарах хөрөнгийн урсгалын цар хүрээ өргөжин тэлснээр тухайн улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгийн урсгалаас хамаарах мэдрэмж нэмэгдэж, нөгөө талаар нэг санхүүгийн зах зээлийн хямрал нөгөө зах зээлд шууд дамжих байдлыг бий болгож байна. Интеграчлалын үр дүнд олон улсын санхүүгийн зах зээл дээр мега банкууд гарч ирж өрсөлдөөнт зах зээлийн зүй тогтлыг алдагдуулж байна. Нөгөө талаар, санхүүгийн зах зээл дээр томоохон байр суурьтай байгууллага сүйрэлд орж, дампуурахад хүрвэл санхүүгийн системийг бүхэлд нь маш ноцтой байдалд оруулж болохуйц нөлөө үзүүлэх төлөвтэй боллоо. Санхүүгийн цогц шинэ бүтээгдэхүүнүүд зах зээл дээр их хэмжээгээр гарч ирж байгаа нь санхүүгийн хяналтын байгууллагуудын хувьд тэдгээрийн ашиглалттай холбоотойгоор гарч болзошгүй эрсдэлийг шууд үнэлэхэд хүндрэлтэй болж байна.
Одоо дэлхийн эдийн засгийн орчинд гарч буй өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулъя. Нэг талаар хөгжилтэй томоохон орнуудын хэрэгцээ буурч, нөгөө талаар дэлхийн олон оронд өндөр инфляци нүүрлэлээ. Энэ нь ялангуяа шилжилтийн болон хөгжиж буй орнуудад хүндээр тусч байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2008 оны хоёрдугаар хагас жилд буурах хандлагатай байна. Эрчим хүчний болон бусад түүхий эдийн үнэ өсч энэ нь дэлхийн хэмжээнд, түүнчлэн хөгжиж буй орнуудад үнийн төвшинг өсгөж байна. Ийм нөхцөл байдалд нэг талаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр аль болох нөлөөлөхгүй, нөгөө талаар инфляцийн дарамтыг бууруулахад чиглэсэн бодлого боловсруулах шаардлага бодлого хэрэгжүүлэгч байгууллагуудад зүй ёсоор тулгарч байна. Дэлхийн олон хөгжиж буй орнууд мөнгөний хатуу бодлого баримтлах, төсвийн зарцуулалтыг хязгаарлах шаардлагатай болж байна.
Эдийн засгийн таатай орчинд ямар нэгэн асуудал гарахгүй. Аливаа эдийн засгийн бизнесийн үйл ажиллагааны эрч хүч хэдий чинээ суларвал төдий чинээ санхүүгийн тогтолцооны эрсдэлийн түвшин нэмэгдэх магадлалтай. Эдгээр эрсдэлтэй ажиллахад бид бэлэн байх ёстой.
Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн нөхцөлд байдалд гарч буй өөрчлөлтүүд нь олон улсын санхүүгийн зах зээл дээр тогтвортой байдлыг хангах ажлыг хүндрэлтэй болгож байна. Жишээлбэл, хөрөнгөө өндөр эрсдэлтэй, гэхдээ ашиг өндөртэй хэлбэрээр байршуулсан хөрөнгө оруулагчид гэхэд гарч буй эдийн засгийн өөрчлөлтүүдтэй уялдуулан хөрөнгийнхөө бүтцийг өөрчилнө.

Цаашид шийдэх асуудлууд
Эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй бусад байгууллагуудын адил санхүүгийн байгууллагууд гарч буй өөрчлөлтүүдийг цаг тухайд нь олж харан, зохих хариу арга хэмжээг авах нь чухал. Учир нь эдийн засгийн аливаа өөрчлөлт санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Зах зээлийн мэдрэмжтэй байснаар байгууллага өрсөлдөж чадна, зах зээл дээрх өөрийн байр сууриа хадгалж үлдэнэ.
Өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай уялдуулан санхүүгийн байгууллагын хувьд учирч болзошгүй алдагдлыг тооцох, эрсдлийг зөв удирдах нь чухал. Энэ нь аливаа эрсдэлээс зайлсхийх гэсэн үг биш, харин ч тодорхой хэмжээний хянаж болох эрсдэл хүлээж, ашиг олоход чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой.
Эдгээр зорилтуудад амжилттай хүрэхийн тулд гарч буй өөрчлөлтүүдтэй уялдуулан хүний нөөцийн асуудлыг зөв удирдах нь чухал ач холбогдолтой болж байна.
Үүнд, санхүүгийн боловсрол олгож буй сургалтын болон мэргэжил дээшлүүлэх байгууллагууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна. Санхүүгийн салбар бол өөрөө өргөн хүрээний мэдлэг, боловсролд суурилсан салбар. Тогтнож байгаа орчин гэнэт өөрчлөгдөж болзошгүй өнөөгийн нөхцөл байдалд санхүүгийн чиглэлээр өндөр чадвартай боловсон хүчин бэлтгэх асуудал бол зөвхөн санхүүгийн байгууллагуудын ирээдүйтэй холбоотой бус улсын хэмжээнд авч үзэх чухал асуудлын нэг гэхэд хилсдэхгүй байх.
Ялангуяа, хөгжиж буй орнуудын хувьд, тухайлбал Монголд орчин үеийн санхүүгийн техник, технологийг өндөр төвшинд эзэмшсэн мэргэжилтнүүд хангалтгүй байгаа тул банк, санхүүгийн боловсрол, дадлага туршлага олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа чухал ач холбогдолтой байна.
Санхүүгийн боловсрол, дадлага туршлага олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтын байгууллагууд нь зөвхөн шинэ гарч ирсэн ноу хауг таниулахад голлон анхаарахад биш, харин онол дэвшүүлэх, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн боловсруулж гаргахад чиглэх ёстой гэж үзэж байна.
Санхүүгийн шинэчлэлтийг бүрэн хамарч буй энэхүү явцад санхүүгийн боловсрол, сургалтын байгууллагуудын өрсөлдөх чадавхи, ур чадварыг дээшлүүлж, олон улсын хэмжээнд энэ чиглэлээр мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн тэлэх хэрэгтэй байна.
Үүний зэрэгцээ, санхүүгийн хяналтын байгууллага, төв банкууд санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хадгалан үлдэхэд чиглэсэн бодлогын асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Бид тогтмол шинээр гарч ирж буй өөрчлөлтүүд, тэдгээрийн нөлөөллийг судалж байх шаардлагатай байна. Бид Базель II нэвтрүүлэхэд бэлтгэл ажлыг хангаж, хяналтын байгууллагуудын чадавхийг зах зээлийн шинэчлэлтүүдтэй уялдуулан хөгжүүлж байх шаардлагатай байна.

Дүгнэлт
Тус бага хурал “Ази, Номхон далайн бүсийн банкны сургалтын байгууллагуудын нийгэмлэг, улмаар банк, санхүүгийн боловсролын байгууллагууд дэлхийн санхүүгийн хямралд тулгамдаж буй энэхүү асуудалд тодорхой үүрэг гүйцэтгэнэ” гэдэгт би итгэл дүүрэн байна. Энэ нь эргээд санхүүгийн ганцаарчилсан боловсрол олгох, сургалт явуулах байгууллагуудын хөгжилд үлэмж тус дэм болох бөгөөд тухайн улс орны санхүүгийн салбарт үр ашгаа өгнө гэдэгт бүрэн итгэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments:

Post a Comment