Thursday, January 29, 2009

Хүндрэлтэй асуудлыг шуурхай мэдэгдэж, шийдвэрлүүлэх нь бидний үүрэг

- Валютын нөөц өнөөдрийн байдлаар 600 сая ам.доллар дээрээ байна уу?
- Яг ямар арга хэмжээ авах вэ?
- Дотооддоо доллараар худалдаа арилжаа хийгээд байгаа нь валютын хомсдолд нөлөөлж байгаа. Энэ тал дээр цаашид ямар арга хэмжээ авах вэ?
- Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн төгрөгөөр тооцоо хийх хууль хэрэгжихгүй байна. Тэгвэл хариуцлагын тогтолцоо нь юу байгаа юм бол?
- Валютаар худалдаа үйлчилгээ хийж байгаа энэ байгууллагуудыг хаана мэдээлэх вэ?
- Ченжүүдийн гар дээр, арилжааны банкуудад юань, доллар огт байхгүй байна л даа. Ер нь жил жилийн өдийд юаний хомсдол үүсдэг яг энэ үеийг Монголбанк тооцоолсон уу. Одоо зузаатгал хийх цаг нь болоогүй юу?
- Ингэснээр юаний төгрөгтэй харьцах ханш сулрах уу?
- Америк долларын хувьд?
- Таны Хятад Улсын төв банктай хийсэн гэрээний үр дүнд юань хэзээнээс орж ирэх вэ. Энэ хомсдол хэдий хүртэл үргэлжлэх бол?
- 1994 онд хууль батлагдсанаас хойш хяналт тавигдаж байсан уу. Ямар байгууллага хянаж байсан юм бэ. Эсвэл яг ингээд эдийн засгийн хямрал болоод эхлэнгүүт энэ асуудал сөхөгдөж эхлэв үү?

- Валютын нөөц өнөөдрийн байдлаар 600 сая ам.доллар дээрээ байна уу?
- Монгол Улсын валютын нөөц өнөөдрийн байдлаар 600 сая доллартай тэнцүү байна. Валютын нөөцийг зохистой зөв захиран зарцуулах тал дээр Монголбанк байнга анхаарал тавьж ажилладаг. Валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газартай хамтран цогц арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ хүрээнд валютын нөөцийг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

- Яг ямар арга хэмжээ авах вэ?
- Хөрш орны засгийн газруудаас зээл тусламж хүсэх, ОУВС-гаас зээл авах бололцоо байгаа. Монголбанкны хувьд хэд хэдэн асуудлыг судалж байна. Солонгосын Төвбанкнаас Хятадын төв банктай валют солилцох гэрээ саяхан байгуулсан байна. Энэ туршлагыг бид судлаад ирлээ. Ийм бололцоо манай улсад байгаа юм байна. Энэ асуудлыг УИХ, Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулж мэдэгдэх нь Монголбанкны үүрэг юм.

- Дотооддоо доллараар худалдаа арилжаа хийгээд байгаа нь валютын хомсдолд нөлөөлж байгаа. Энэ тал дээр цаашид ямар арга хэмжээ авах вэ?
- Байнгын арга хэмжээ авч байгаа. Бид олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үргэлж анхааруулж байгаа. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд валютаар худалдаа хийж байгаа энэ байгууллагуудын зарыг нийтэлж, нэвтрүүлж байна. Энэ талаархи хуулийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн хамтарч ажиллаач гэсэн хүсэлтийг бид гаргаж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагуудын тухай хууль, санхүүгийн зохицуулах хорооны хуульд валют солих цэгүүдийн үйл ажиллагааг зохицуулах, хянах, үйл ажиллагаанд нь мөрдөх заавар журмыг гаргах нь тус хорооны үүрэгт орсон байгаа. Бидний зүгээс ямар хүсэлт Санхүүгийн зохицуулах хороонд тавьж байгаа вэ гэвэл зөвшөөрөлтөй валют солих цэгүүдийн худалдаж, худалдан авч байгаа валютын талаархи мэдээг Монгол Улсын нэгдсэн мэдээллийн сүлжээнд оруулж өгөөч ээ. Учир нь валютын улсын нөөцийг зохистой удирдахад энэ мэдээлэл дутагдаад байна. Мэдээж энэ хүйтэнд гудамжинд валют зараад зогсох нь тухайн хувь хүн, иргэнд бол хүндрэлтэй. Эдгээр хүмүүс бүртгэгдээд зохих журмын дагуу зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа хууль журмын дагуу эрхлэхэд Монголбанкны зүгээс татгалзах зүйл байхгүй. Хамгийн гол нь энэ валютын захад оролцож байгаа оролцооных нь бүртгэл мэдээллийн асуудал Монгол Улсын системийн мэдээлэлд заавал орох ёстой.

- Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн төгрөгөөр тооцоо хийх хууль хэрэгжихгүй байна. Тэгвэл хариуцлагын тогтолцоо нь юу байгаа юм бол?
- Энэ хууль 1994 онд батлагдсан. Хариуцлагын тогтолцоо нь өнөөгийн нөхцөлд хангалтгүй байгаа. Яагаад гэвэл цаг хугацаа, нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас хариуцлагын хувьд 50-200 мянган төгрөгөөр торгох нь тодорхой нөлөөлж чадахгүй байна. Энэ хуулийг одоо шинэчлэн өөрчилж байна. Удахгүй УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Тэгээд валютын гүйлгээнд оролцогчдын санхүүгийн мэдээллийг зөв зүйтэйгээр аваад, Монгол Улсын нэгдсэн мэдээллийг гаргах, энэ мэдээлэл дээрээ үндэслээд Монгол Улсын валютын нөөцийг зөв зохистой удирдах ажиллагааг улам боловсронгуй болгох, дотоодын валютын хэрэгцээ шаардлага, учраад байгаа бэрхшээлүүд, зохион байгуулалтын хүндрэлүүдийг арилгах болно.

- Валютаар худалдаа үйлчилгээ хийж байгаа энэ байгууллагуудыг хаана мэдээлэх вэ?
- Валютын зохицуулалтын хуулиар бол Монголбанк, Засгийн Газар хоёр хариуцаж байгаа. Валют солих цэгүүдтэй холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж байгаа. Валютын зохицуулалтын хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийг тодорхой тусгаж өгөөгүй байгаа. Энэ хууль гарах үед энэ байгууллага байгуулагдаагүй байсан. Тэгэхээр Валютын зохицуулалтын хуулин дээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийн асуудлыг бас тусгаж өгч байгаа. Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын талаар Монголбанк, Сангийн Яамны улсын байцаагч нарт мэдэгдэх ёстой.

- Ченжүүдийн гар дээр, арилжааны банкуудад юань, доллар огт байхгүй байна л даа. Ер нь жил жилийн өдийд юаний хомсдол үүсдэг яг энэ үеийг Монголбанк тооцоолсон уу. Одоо зузаатгал хийх цаг нь болоогүй юу?
- Манай арилжааны банкуудын арав нь Хятадын дөрвөн арилжааны банктай юаний данс нээгээд ажиллаж байна. Энэ дансанд ойролцоогоор 120 сая доллартай тэнцэхүйц хэмжээний юань байгаа. Сая би Хятад Улсын төв банкныхан уулзаад ирлээ. Манай арилжааны банкуудын Хятадын дансанд байгаа юанийг хөрвүүлэх, юанийг хилээр чөлөөтэй нэвтэрч Монгол Улсад гарахад нь туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг Хятадын тал нааштай хүлээж авч шийдвэрлэсэн. Хөх хот, Эрээнд байгаа Хятадын банкуудын бэлэн нөөцийн хэмжээ нь бол багаар тогтоогдсон байдаг юм байна. Ийм учраас бэлэн юанийг манай арилжааны банкуудад өгөх хэмжээ нь бага учраас энэ хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх асуудлыг сая зөвшилцсөн. Ийм учраас ирээдүйд ийм хүндрэл гарахгүй байх гэж найдаж байна.

- Ингэснээр юаний төгрөгтэй харьцах ханш сулрах уу?
- Монголд орж ирэх зохион байгуулалтын хүндрэлийн асуудлыг шийдчихвэл юань элбэгшинэ. Тийм учраас юанийг арилжааны банкууд чөлөөтэй оруулж ирээд олон нийтэд шаардлагатай хэмжээгээр өгөх бололцоо бол бүрдсэн.

- Америк долларын хувьд?
- Нэгдүгээрт, арилжааны банкууд гадаадын банкуудаас зээл авах хэлбэрээр эх үүсвэрээ бүрдүүлж байгаа юм. Хоёрдугаарт бол гадаадын иргэд валютаар хадгаламж байршуулж байгаа. Сүүлийн үед манай иргэд өөрсдөө төгрөгийн хадгаламжаа долларынх болгох үзэгдэл элбэг болж байна. Гэхдээ Монголын арилжааны банкууд эх үүсвэрийн энэ асуудлыг хөрвөх чадварыг нь сайжруулах, Монголбанктай своп хэлцэл өөрөөр хэлбэл, арилжааны банкуудад төгрөг их байх юм бол төгрөгөө Монголбанкинд өгөөд валютыг түр хугацаагаар авч харилцагчдынхаа хэрэгцээг хангах, эсвэл доллар нь их төгрөг нь бага байхад төгрөг авах гэх мэтчлэн ийм солилцоог богино хугацаанд түргэн шуурхай хийх бололцоог арилжааны банкуудад олгосон байгаа. Ийм учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж бодож байна.

- Таны Хятад Улсын төв банктай хийсэн гэрээний үр дүнд юань хэзээнээс орж ирэх вэ. Энэ хомсдол хэдий хүртэл үргэлжлэх бол?
- Гэрээ хэлцэл хийгдсэн, одоо манай арилжааны банкуудад бэлэн валютын ялангуяа юанийг Монголын хилээр оруулж ирэхэд ямар нэгэн хүндрэл гарахгүй байна. Өнөөдрийн байдлаар энэ тухай арилжааны банкуудаас санал хүсэлт байхгүй байгаа. Хятад, Монголын хил худалдааг хөгжүүлэх, төлбөр тооцоог түргэн шуурхай болгох талаар Хятад-Монголын төв банк, арилжааны банкуудын дугуй ширээний 5 дахь уулзалтыг гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар тохиролцсон.

- 1994 онд хууль батлагдсанаас хойш хяналт тавигдаж байсан уу. Ямар байгууллага хянаж байсан юм бэ. Эсвэл яг ингээд эдийн засгийн хямрал болоод эхлэнгүүт энэ асуудал сөхөгдөж эхлэв үү?
- Монголбанк болон Сангийн яамнаас байнга хяналт тавьж ирсэн, өнөөдрийх шиг ийм хурцаар яригдаж байгаагүй байх. Хэрвээ та нар санаж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өнгөрөгч оны эхэнд энэ талаар санал асуулга тавьж байсан. Тухайн үед бид асуулгын хариуг өгч байсан, олон нийтэд энэ талаар мэдээлэж байсан. Ер нь бол хяналтын асуудлыг байнгын хийсээр ирсэн, хийх ч болно.

No comments:

Post a Comment