Monday, December 8, 2008

Ярилцлага

1. Өнөөдрийн байдлаар долларын ханш өсчихсөн байна. Ямар учраас өссөн бэ?
2. Долларын ханш өсөхийн хирээр, монгол төгрөгийн ханш унаж байна. Энэ байдал манай мөнгөний бодлого, эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

1. Өнөөдрийн байдлаар долларын ханш өсчихсөн байна. Ямар учраас өссөн бэ?

Гадаад валютын төгрөгийн зах дээрх ханшийг зах зээлийн болон зах зээлийн бус хүчин зүйлс тодорхойлдог.
Зах зээлийн буюу эдийн засгийн хүчин зүйлс дотор хамгийн түрүүнд бараа, үйлчилгээний худалдааны тэнцэл ордог. Манай улсын хувьд өрхийн дундаж зарлагын өсөлт сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байгаагийн зэрэгцээ орлогоос байнга илүүдэлтэй, тухайлбал 2008 оны 1 дүгээр улирлын байдлаар өрхийн дундаж зарлага орлогоосоо 14.4 хувиар илүү байна. Энэ нь бид орлогоосоо хуримтлал хийх бус зээл, тусламж авч илүү ихийг хэрэглэсээр байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр энэ хэрэглээ юунд зарцуулагдах вэ? Дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал сул, үйлдвэрлэл хөгжөөгүй манай улсын хувьд импортоор бараа, үйлчилгээ худалдан авахад л чиглэгддэг. Тэгэхээр экспортын гол бүтээгдэхүүний үнэ маань буурсан буюу гадаад валютын орох орлого муутай үед энэ нь гадаад валютын цэвэр эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Эдийн засаг дахь өрх гэр, компаниудаас гадна байдаг нэг том хэрэглэгч нь Засгийн газар байдаг. Тиймээс ч бид Засгийн газрын импортын эрэлтийг нэмэгдүүлэх зардлуудыг багасгая, олсныхоо хэрээр зарцуулах бус хуримтлал бий болгож, эдийн засагтаа оруулья гэж хэлж ярьсаар ирснийг Та бүгд мэднэ. Түүнчлэн гадаад орнуудад хадгаламжийн даатгалын хамрах хүрээ огцом өсч, валютын хүүгийн хэмжээ нэмэгдсэнээр Монгол улстай харьцуулахад өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн нь гадаадын хадгаламж эзэмшигчдээс Монгол улсад төгрөгөөр хадгаламж байршуулах сонирхлыг бууруулж, ам.долларын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэн гадаад валютын дотоодын зах зээл дээр дарамт үзүүлж эхэлсэн байна.
Зах зээлийн бус хүчин зүйлсийн хувьд олон нийтээс банкны системд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөхүйц цуу яриа сүүлийн хэдэн саруудад өргөн цар хүрээтэй тарж эхэлсэн. Тухайлбал, зарим улс төрчид монгол оронд санхүүгийн болон эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа талаар удаа дараа ярилцлага нийтлүүлсэн зэрэг нь иргэдийг төгрөгөөс болгоомжлох, гадаад валют руу шилжүүлэх хандлагыг бий болгож, гадаад валютын зохиомол эрэлтийг хөөрөгдсөн.
Тэгэхээр магадгүй Монголбанкны зүгээс энэ зах зээлийн хүчин зүйлсийн нөлөөг багасгах тал дээр юу хийсэн бэ гэж асуух байх. Тэгэхээр Монголбанкны зүгээс 2008 оны эхний 3 улиралд гадаад валютын дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, импортлогдож буй инфляцийн дарамтыг сааруулах, импортын барааны үнийг хямдруулах бодлогын хүрээнд банкуудад ам. доллар арилжих үйл ажиллагааг явуулж ирсэн. Харин 4 дүгээр улирлаас инфляцийн түвшин, иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн өсөлт, өрхийн хэрэглээ буурах хандлагатай болсон хэдий ч улсын төсвийн зэсийн татварын орлогын тасалдалаас гаралтай алдагдал нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад валютын хэрэгцээ их хэвээр байна. Иймд Монголбанкны зүгээс гадаад валютын энэхүү богино хугацааны огцом эрэлтийг сулруулах чиглэлээр Засгийн газар, арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.

2. Долларын ханш өсөхийн хирээр, монгол төгрөгийн ханш унаж байна. Энэ байдал манай мөнгөний бодлого, эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

Валютын ханш нь “зах зээлийн үнэ” тул түүний хөдөлгөөн нь эдийн засагт шууд болон шууд бус замаар нөлөөлдөг. Мөнгөний бодлогын хувьд төгрөгийн ханшийн сулралт нь манай импортоор авч буй бараа, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн түүхий эд, орцын үнийг нэмэгдүүлж, хэрэглэгчийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсч, инфляцийн түвшинг нэмэгдүүлдэг. Түүнчлэн ханшийн сулралт нь экспортыг урамшуулснаар тус салбар дахь хөдөлмөрийн хөлс, эрэлтийг нэмэгдүүлж улмаар бусад салбарын бүтээгдэхүүний үнэ, инфляци нэмэгдэхэд нөлөөлдөг. Иймд гадаад худалдаа нь валютын ханшаас хэр мэдрэмжтэй байхаас шалтгаалан нөлөөлөл нь өөр өөр байдаг.
Манай улсын хувьд валютын ханшийн өөрчлөлт нь 6-8 сарын хугацааны дараагаар инфляцийн түвшинд нөлөөлдөг. Энэ оны валютын ханшийн хөдөлгөөн, импортын хэрэглээний хандлагыг үзвэл төгрөгийн ханш чангарах тусам импортын бараа, бүтээгдэхүүний худалдан авах үнэ буурч, хэрэглээ эрс нэмэгдэж эхэлсэн. Харин ханш эргээд суларч эхэлснээр импорт үнэтэй болж, хүмүүс орлогоосоо давсан хэрэглээнээсээ татгалзаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бодит орлоготойгоо, өөрийн хөдөлмөрийн бүтээмжтэйгээ нийцэх импортын бараа, үйлчилгээг хэрэглэж эхэлсэн. Тэгэхээр валютын ханшийн механизм ажиллаж, эдийн засгийг буцааж тэнцвэрт оруулж байна.

No comments:

Post a Comment