Thursday, December 4, 2008

Ярилцлага

- Сүүлийн үед долларын ханш огцом өсөөд байна. Энэ тал дээр та тайлбар өгөхгүй юу?
- Шалтгааныг илүү ойлгомжтой тайлбарлаж өгнө үү?
- Зах зээлийн бус хүчин зүйлсэд юу ордог юм бэ?
- Цаашид валютын ханшид нөлөөлөх үзүүлэлтүүдийн дэлхийн зах зээл дээрх байдал ямар байх вэ?
- Монголбанк Засгийн газартай хамтран багц арга хэмжээ авч байгаа гэж дурдлаа. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу? Засгийн газартай хамтарч яг юу хийж байна вэ?
- Монголбанкны долларын зарласан ханш 1,183 байхад арилжааны банкууд болон “Найман шарга” валютын зах дээр 1,215 төгрөгөөр зарж байна. Яагаад ийм их зөрүүтэй байна вэ? Арилжааны банкууд дээр доллар зарахгүй байна. Асуухаар Монголбанкнаас доллар өгөхгүй байна гэсэн тайлбар өгч байна. Энэ талаар?

- Сүүлийн үед долларын ханш огцом өсөөд байна. Энэ тал дээр та тайлбар өгөхгүй юу?
- Монголбанкнаас зарладаг төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг арилжааны банкуудын иргэд, аж ахуйн нэгж, Монголбанк, бусад арилжааны банкуудтай хийсэн валютын хэлцлийн ханшинд үндэслэн тооцдог. Өөрөөр хэлбэл гадаад валютын дотоодын зах дээрх валютын эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтсон дундаж ханшийг илэрхийлж байдаг.
Энэхүү ханш 2008 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 1,170.64 төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.1 хувиар буюу 13 төгрөгөөр, энэ оны хамгийн бага түвшнээс буюу 10 дугаар сарын 22-ны өдрийн 1,143.78 төгрөгөөс 3.5 хувиар буюу 39 төгрөгөөр тус тус суларсан байна.

- Шалтгааныг илүү ойлгомжтой тайлбарлаж өгнө үү?
- Гадаад валютын төгрөгийн зах дээрх ханшийг зах зээлийн болон зах зээлийн бус хүчин зүйлс тодорхойлдог.
Зах зээлийн буюу эдийн засгийн хүчин зүйлс дотор хамгийн түрүүнд бараа, үйлчилгээний худалдааны тэнцэл ордог. Манай улсын хувьд өрхийн дундаж зарлагын өсөлт сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байгаагийн зэрэгцээ орлогоос байнга илүүдэлтэй, тухайлбал 2008 оны 1 дүгээр улирлын байдлаар өрхийн дундаж зарлага орлогоосоо 14.4 хувиар илүү байна. Энэ нь бид орлогоосоо хуримтлал хийх бус зээл, тусламж авч илүү ихийг хэрэглэсээр байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр энэ хэрэглээ юунд зарцуулагдах вэ? Дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал сул, үйлдвэрлэл хөгжөөгүй манай улсын хувьд импортоор бараа, үйлчилгээ худалдан авахад л чиглэгддэг. Тэгэхээр экспортын гол бүтээгдэхүүний үнэ маань буурсан буюу гадаад валютын орох орлого муутай үед энэ нь гадаад валютын цэвэр эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Эдийн засаг дахь өрх гэр, компаниудаас гадна байдаг нэг том хэрэглэгч нь Засгийн газар байдаг. Тиймээс ч бид Засгийн газрын импортын эрэлтийг нэмэгдүүлэх зардлуудыг багасгая, олсныхоо хэрээр зарцуулах бус хуримтлал бий болгож, эдийн засагтаа оруулья гэж хэлж ярьсаар ирснийг Та бүгд мэднэ. Түүнчлэн гадаад орнуудад хадгаламжийн даатгалын хамрах хүрээ огцом өсч, валютын хүүгийн хэмжээ нэмэгдсэнээр Монгол улстай харьцуулахад өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн нь гадаадын хадгаламж эзэмшигчдээс Монгол улсад төгрөгөөр хадгаламж байршуулах сонирхлыг бууруулж, ам.долларын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэн гадаад валютын дотоодын зах зээл дээр дарамт үзүүлж эхэлсэн байна.

- Зах зээлийн бус хүчин зүйлсэд юу ордог юм бэ?
- Зах зээлийн бус хүчин зүйлсийн хувьд олон нийтээс банкны системд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөхүйц цуу яриа сүүлийн хэдэн саруудад өргөн цар хүрээтэй тарж эхэлсэн. Тухайлбал, зарим улс төрчид монгол оронд санхүүгийн болон эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа талаар удаа дараа ярилцлага нийтлүүлсэн зэрэг нь иргэдийг төгрөгөөс болгоомжлох, гадаад валют руу шилжүүлэх хандлагыг бий болгож, гадаад валютын зохиомол эрэлтийг хөөрөгдсөн.
Тэгэхээр магадгүй Монголбанкны зүгээс энэ зах зээлийн хүчин зүйлсийн нөлөөг багасгах тал дээр юу хийсэн бэ гэж асуух байх. Тэгэхээр Монголбанкны зүгээс 2008 оны эхний 3 улиралд гадаад валютын дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, импортлогдож буй инфляцийн дарамтыг сааруулах, импортын барааны үнийг хямдруулах бодлогын хүрээнд банкуудад ам. доллар арилжих үйл ажиллагааг явуулж ирсэн. Харин 4 дүгээр улирлаас инфляцийн түвшин, иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн өсөлт, өрхийн хэрэглээ буурах хандлагатай болсон хэдий ч улсын төсвийн зэсийн татварын орлогын тасалдалаас гаралтай алдагдал нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад валютын хэрэгцээ их хэвээр байна. Иймд Монголбанкны зүгээс гадаад валютын энэхүү богино хугацааны огцом эрэлтийг сулруулах чиглэлээр Засгийн газар, арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.
Ер нь валютын ханш нь сулрах уу, чангарах уу гэдгээс илүүтэйгээр энэ нь эдийн засгийн орчныхоо хувьд зөв тогтож байна уу, өөрөөр хэлбэл “зах зээлийн үнэ” болж чадаж байна уу гэдэг нь хамгийн чухал байдаг. Түүнчлэн валютын ханшийн огцом хэлбэлзэл нь зах зээлд тодорхой бус байдлыг буюу илүүдэл зардлыг бий болгодог тул түүнийг огцом хэлбэлзлийг зөөлрүүлэхэд ханшийн бодлого чиглэгддэг.
Валютын ханш нь гадаад худалдааны үнэ гэдэг утгаараа манай улсын экспортын барааны гадаад валютаар илэрхийлэгдсэн үнийг бууруулан гадаад зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, экспортыг урамшуулдаг. Нөгөө талаасаа импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжуулан эцсийн хэрэглэгчийн үнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ импортын түүхий эд ашигладаг үйлдвэрлэлийн зардлыг өсгөдөг.
Манай улсын хувьд экспортын барааны дийлэнх хувийг эцсийн бүтээгдэхүүн бус түүхий эдийн экспорт эзэлдэг тул импортын нөлөөлөл нь илүү хүчтэй хэвээр байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн валютын ханш нь зөв тогтож байх, хэлбэлзэл багатай байхад бодлогын зорилт чиглэгдсээр байх болно.

- Цаашид валютын ханшид нөлөөлөх үзүүлэлтүүдийн дэлхийн зах зээл дээрх байдал ямар байх вэ?
- Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж байна. Монголд ч гэсэн бензиний үнэ буурах хандлагатай болсон. Энэ нь нэг талаас инфляцыг бууруулах, нөгөө талаас Оросоос нефть худалдаж авахад төлдөг валютын хэмжээ буурах зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Мөн энэ жил ургац сайн авсан. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх чадвар сайжирна. Үүний үр дүнд Хятадын зах зээл рүү урсах валютын эрэлт буурна гэж үзэж байна.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 68 хувийн албан татварын босго үнийг 850 ам.доллар болгон тогтоосноор алтны компаниудыг Монголбанкинд алтаа тушаах сонирхол, нөхцөл байдлыг бий болголоо. Сүүлийн үед Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өссөн. Үүний үр дүнд гадаад валютын нөөц, гадаад валютын дотоодын зах дээрх ам.долларын нийлүүлэлт нэмэгдэх бололцоо бүрдсэн.
Монголбанк Засгийн газартай хамтран багц арга хэмжээ авч байгаа гэж дурдлаа. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу? Засгийн газартай хамтарч яг юу хийж байна вэ?
Гадаад төлбөрийн тэнцлийн статистик мэдээг сайжруулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.
Дэлхийн зах зээлийн үнэ ханшийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор засгийн газартай хамтарч экспортлогч, импортлогч нарт зориулан жилд хоёр удаа сургалт, семинар, зөвлөлгөөн зохион байгуулахаар тохирсны дагуу анхны сургалт, зөвлөлгөөнийг 7 дугаар сард зохион байгуулж үүний үр дүнд гадаад төлбөрийн тэнцлийн хамрах хүрээ тэлсэн. Одоо 12 дугаар сард 2 дахь зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ сургалтын ач холбогдол нь зах зээлийн үнэ ханшын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг салбарынхан маань эрсдлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар зөвлөмж, туслалцаа авах юм.
Бусад орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжихийн хирээр 1994 онд батлагдсан Валютын зохицуулалтын тухай хуулийг сайжруулах хэрэгцээ улам их болж байна. Ажлын хэсэг байгуулагдаж, хуулийг шинэчилж байна.

- Монголбанкны долларын зарласан ханш 1,183 байхад арилжааны банкууд болон “Найман шарга” валютын зах дээр 1,215 төгрөгөөр зарж байна. Яагаад ийм их зөрүүтэй байна вэ? Арилжааны банкууд дээр доллар зарахгүй байна. Асуухаар Монголбанкнаас доллар өгөхгүй байна гэсэн тайлбар өгч байна. Энэ талаар?
- Валют солих цэгүүд нь өрхийн бизнес, хэрэглээг хангадаг, бага эргэлттэй, арилжааны банкнаас авах, зарах арай өндөр ханшийг иргэдэд өгдөг, бэлэн валютын жижиг зах зээл учраас валютын эрэлт, нийлүүлэлтийн багахан өөрчлөлт, хүмүүсийн хүлээлтэнд их хэлбэлздэг. Тиймээс энэ зах дээрх ханшийн хэлбэлзэл нь ханшийн хандлагыг 100% харуулж чаддаггүй.
Харин банкны системийн нийт активын 40 хувийг, нийт пассивын 39 хувийг гадаад валют эзэлдэг банк хоорондын зах дээрх хөдөлгөөн нь валютын дотоодын захыг тодорхойлж байдаг. Монголбанкны зарласан ханшийн хувьд энэхүү захын ханш нь суурь болдог тул бэлэн валютын дээрх, тухайлбал таны хэлсэн “Найман шарга” валютын захын ханшаас өөр байдаг.
Арилжааны банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнд: Валютын арилжааны ажилчдын сургалтыг 3 удаа зохион байгууллаа. Люксембургийн Төв банктай хамтран диллерүүдийг олон улсын гэрчилгээтэй болгох сургалт зохион байгуулж нийт арилжааны банкны 22 мэргэжилтнүүдийг хамрууллаа. Ингэснээр Арилжааны банкуудын валютын Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын удирдлага сайжрахад тус болно. Мөн арилжааны банкуудаас гадаадын банкуудад хадгалагдаж байгаа валютын хадгаламжийг эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөрвөх валютаар Монголбанкинд байршуулах боломжийг банкуудад олголоо.
Валютын эрэлт хэрэгцээний төлөвлөлт, мониторингийг сайжруулах арга хэмжээнүүдийг авч байгаа. Иймээс валютын хэт их эрэлтийг зохицуулах үйл ажиллагаа сайжрах болно.

No comments:

Post a Comment