Tuesday, July 10, 2007

Ярилцлага

- Сүүлийн үед дэлхий дахиныг нөмpөөд байгаа санхүүгийн хямралын талаар Монголбанкны Дэд еренхийлөгчийн хувьд танаас тодруулах гэсэн юм. Энэ хямрал санхүүгийн зах зээлийг гэнэт цочоосон үйл явдал болов уу, эсхүл урт удаан хугацаанд үргэлжилсэн үйл явдлын өрнөл болов уу?
- Санхүүгийн энэ хямрал манайд хэрхэн нөлөөлөх вэ? Тухайлбал, манай арилжааны банкуудын байдал, тэдгээрийн санхүүгийн чадварт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
- Монгол улсын гадаад валютын нөөцийн талаар та дурьдлаа. Энэ талаархи тодорхой ойлголтыг манай уншигчдад танилцуулна уу? Энэ нөөцийг хэн, хэрхэн удирдан зохицуулдаг вэ?
- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн талаар та дэлгэрэнгүй тайлбарлана уу. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр ам. долларын ханш унаж байхад манайд тогтвортой байгаад байдаг. Үүнийг зарим эдийн засагчид шүүмжилдэг. Үүнд тодорхой хариулт өгнө уу.
- Төлбөрийн тэнцэл болон манай улсын экспорт, импортын байдал ямар байдалтай байгааг манай уншигчдад танилцуулна уу.
- Сүүлийн үед манайд илт ажиглагдах болсон үнийн өсөлт, инфляцийг албаны хүмүүс болон судлаачид янз бүрийн өнцгөөс тайлбарлаж, бие биесээ шүүмжлэх, тэр дундаа Монголбанкийг шүүмжилж байна. Монголын мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байдаг байгууллагыг удирдалцаж байдаг хүн энэ нөхцөл, байдлыг хэрхэн тайлбарлах вэ?
- Тэгвэл Монголбанкнаас явуулж буй мөнгөний хатуу бодлого нь Монгол улсын санхүүгийн системийн таатай орчныг бэхжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэх гэсэн зорилтуудтай хэр уялдаж байгаа вэ?

- Сүүлийн үед дэлхий дахиныг нөмpөөд байгаа санхүүгийн хямралын талаар Монголбанкны Дэд еренхийлөгчийн хувьд танаас тодруулах гэсэн юм. Энэ хямрал санхүүгийн зах зээлийг гэнэт цочоосон үйл явдал болов уу, эсхүл урт удаан хугацаанд үргэлжилсэн үйл явдлын өрнөл болов уу?

- Олон улсын санхүүгийн захын системийн эрсдэл маш өндөр түвшинд хүрлээ. 2007 оноос эхэлсэн АНУ-ын үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн тогтолцоонд үүссэн хямрал өнөөг хүртэл үргэлжилж, улам даамжирсаар өргөн цар хүрээг хамраад байна. Энэ нь АНУ-ын төсөв болон гадаад тэнцэл хоёулаа олон жил алдагдалтай байснаас хөрөнгө оруулалтын томоохон компаниудаас АНУ-ын эдийн засагт итгэх итгэл алдагдаж улмаар орон сууцаар барьцаалсан үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтаа татахад хүрсэнтэй холбоотой. Мөн санхүүгийн үүсмэл хэлцлүүдийн эрсдэл санхүүгийн тэнцлийн гадна хяналт муутай их хэмжээтэй хуримтлагдснаас шалтгаалсан. Хэдийгээр АНУ-ын Холбооны Нөөцийн Систем болон Сангийн Яамны зүгээс санхүүгийн зах зээлийн энэхүү хямралыг зохицуулж, хэвийн гольдрилд оруулна гэж мэдэгдэж байсан боловч өнгөрсөн 9 дүгээр сарын 15-нд АНУ, Европ, Япон зэрэг орнуудын хөрөнгийн бирж дээр нэгэн зэрэг огцом уналт гарсан. Үүнд, АНУ-ын Lehman Brothers Inc. дампуурсан тухайгаа зарласнаас гадна АНУ-ын Bank of America нь санхүүгийн хүндрэлтэй тулгарсан Merrill Lynch банкыг худалдан авсан зэрэг нөлөөлсөн. Үүнийг дагаад АНУ-ын Morgan Stanley, Goldman Sachs, Citigroup зэрэг банкуудын үнэт цаасны ханш огцом унасан. Дээрх банкууд бол олон улсын санхүүгийн зах зээлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан том активтай банкууд. Сүүлийн жилүүдэд барууны орнуудад банкууд хэт томрох, түүний дотор банк холдинг компаниуд ихээр бий болж, санхүүгийн асар олон төрлийн үйл ажиллагааг нэгэн зэрэг явуулан санхүүгийн зохицуулалтын хуулиудаас гажих байдал газар авч, энэ нь банкны активын чанарыг эрс муутгах болсон. Дээр дурьдсан банкуудын үнэт цаасны үнэ унаснаас тус банкуудаас гаргасан урт, богино хугацаатай үнэт цааснаас гарч болох алдагдлыг (credit default risk) даатгасан AIG (American International Group) мэтийн даатгалын асар том компанид хөрөнгийн нэмэлт хэрэгцээ огцом гарч дампуурлын ирмэг дээр очсон. Энэ мэт гинжин урвал шиг хамаарал улам гүнзгийрснээс байдал улам дордсон. Хэдийгээр АНУ-ын Холбооны Нөөцийн Банк нь AIG lnc.-д санхүүгийн дэмжлэг үзүүлж, дэлхийн Төв банкууд нийтдээ 230 гаруй тэрбум ам. долларыг санхүүгийн зах зээлд нийлүүлээд байгаа боловч санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад үр дүн өгөхгүй байна. Энэхүү хямрал АНУ-ын Засгийн газрын богино хугацаат үнэт цаасуудын өгөөж тэг хувьд хурч, Лондон дахь олон улсын банк хоорондын захын ханш (LIBOR) огцом өссөнөөс, энэхүү хүүнд суурилсан үнэт цаасны өртөг нэмэгдэж, банк, санхүүгийн гадаадын байгууллагуудад дарамт учрах байдлаар үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл, бие биеэсээ улам бүр хамааралтай болсон даяаршилд аль нэг салбар, хэсэгт гарсан хүндрэл, гажиг нь богино хугацаанд улам өргөн хүрээнд ажиглагдах болсныг илтгэж байна. Иймд 9 дүгээр сарын дундуур олон улсын санхүүгийн зах зээлд учирсан огцом уналт нь дэлхийн санхүүгийн зах зээл дээр урт удаан хугацаанд үргэлжилсэн үйл явдлын өрнөл болсон гэж хэлж болох юм.

- Санхүүгийн энэ хямрал манайд хэрхэн нөлөөлөх вэ? Тухайлбал, манай арилжааны банкуудын байдал, тэдгээрийн санхүүгийн чадварт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

- Хэдийгээр манай санхүүгийн салбар дэлхийн санхүүгийн системд идэвхитэй байр суурийг эзэлж, түүний нэг салшгүй эд эс болсон гэж бүрэн хэмжээгээр хараахан хэлж болохгүй ч санхүүгийн энэ хямрал манайд нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ хямрал тодорхой хугацааны дараа Монголын эдийн засагт гадаад худалдааны орлого, түүгээр дамжин төсвийн орлого, санхүүжилтэд нөлөөлж болзошгүй. Энэхүү хямралын улмаас алт гэх мэт хөрөнгө оруулалтын хэрэгслэлүүдэд хөрөнгө оруулах эрэлт нэмэгдснээс алтны үнэ өсөх хандлага байгаа ч түүнийг дагаад манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унах магадлал өндөр байна. Түүнчлэн энэ хямралын улмаас Монголд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа хумигдах, хөрөнгө оруулалтын хэмжээ буурах зэрэг таагүй нөлөөлөл гарч болно. Дэлхий дахинд өрнөөд байгаа санхүүгийн хямралаас үүдэн манай эдийн засагт гарч болох эрсдлүүдийг тодорхойлж, түүнээс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авах ажлын хэсэг ажилласны үр дүнд гадаад валютын улсын нөөцийн аюулгүй, найдвартай, төлбөр түргэн гүйцэтгэх зэрэг шаардлагуудыг бүрэн хангаад байна. Монголын арилжааны банкууд гадаад дахь хөрөнгөө найдвартай банкинд барих, гадаад түншээ сонгох шалгуурыг чангатгахад анхааран ажиллаж байна.

- Монгол улсын гадаад валютын нөөцийн талаар та дурьдлаа. Энэ талаархи тодорхой ойлголтыг манай уншигчдад танилцуулна уу? Энэ нөөцийг хэн, хэрхэн удирдан зохицуулдаг вэ?

- Аливаа улс гадаад валютын яаралтай хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор гадаад валютын нөөцтэй байдаг. Гадаад валютын улсын нөөцийг төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага болох Төв банк удирдан зохицуулдаг бөгөөд тухайн орны төлбөрийн тэнцлийн алдагдлыг шууд санхүүжүүлэх, эсхүл дотоод дахь гадаад валютын зах дээр үндэсний валютад дэмжлэг үзүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг хангах зэрэг зорилгоор интервенци хийх буюу худалдах, худалдан авах гэх мэт шууд бус аргаар ашигладаг. Гадаад валютын нөөцийг өргөн утгаар нь авч үзвэл тухайн улсын дотоодын банкны системд буй гадаад валютыг оролцуулан тооцож болно. Гэвч мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага нь зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үед дотоодын банкны системийн гадаад валютыг бүхэлд нь хянах бодит бололцоо байдаггүй, зөвхөн шууд бус аргаар хянадаг учраас гадаад валютын нөөцийг нарийвчилсан аргаар авч үзэх шаардлага урган гардаг юм. Иймд гадаад валютын улсын нөөц гэдэг нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагын бүрэн хяналтад байгаа буюу түүний удирдан зохицуулдаг нөөцийг оруулж тооцно. Энэ утгаар нь авч үзвэл зарим эдийн засагчдын хэлж байгаачлан гадаад валютын улсын нөөцийн зарим хэсгийг стратегийн шинж чанартай бараа, тухайлбал, нефтийн бүтээгдэхүүн гэх мэтэд хөрвүүлэх нь үндсээрээ бүруу бөгөөд энэ нь Төв банкны тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, олон улсын хэмжээнд баримталдаг уламжлалт арга хэрэгслэлээс татгалзаж, Төв банкны статусыг зөрчиж байгаатай утга адил болно. Гадаад валютын нөөцийн хэрэгцээ, шаардлагыг тогтоохдоо тухайн улсын бараа, үйлчилгээний импортын төлбөрийн төлөвлөгөөт буюу хүлээгдэж буй хэмжээтэй харьцуулдаг тохиолдол бий. Хэрэв тухайн орны гадаад орнуудаас Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу авсан зээлийн төлбөр их хэмжээтэй бол тухайн үед тооцох гадаад валютын нөөцөөс тухайн жилд төлөх зээлийн төлбөрийг хасч, цэвэр нөөцийг тооцно. Үүний зэрэгцээ гадаад валютын нөөцийн заавал байлгах хэмжээг тодорхойлоход үндэсний валютын гадаад валюттай харьцах ханшийн тогтолцоог харгалзах шаардлага тавигддаг. Учир нь ханшийн хатуу тогтолцоотой улс уг ханшийг барихын тулд гадаад валютын хангалттай хэмжээний нөөцтэй байх шаардлагатай. Харин хөвөх ханшийн тогтолцоотой улсын хувьд эдийн засгийн бодлогыг зах зээлд оролцогчдын зүгээс хэрхэн дэмжиж, итгэл найдвар үзүүлж байгаа нь томоохон хүчин зүйл болдог.
Гадаад валютын нөөц нь үндэсний эрх ашиг, түүний аюулгуй байдалд шууд үйлчилж байдаг чухал хэрэгслэл болохын хувьд түүнийг удирдахад тогтсон зарчим байдаг бөгөөд түүнээс гажих нь ноцтой хохирол учруулах тохиолдол гарна. Гадаад валютын улсын нөөцийг удирдахад олон улсад тогтсон нийтлэг зарчмуудыг дарааллын дагуу баримтлах нь чухал ач холбогдолтой байдаг. Үүнд, гадаад валютын улсын нөөцийн аюулгүй байдал, хөрвөх чадвар, үр өгөөж болдог. Энэ утгаар нь авч үзвэл гадаад валютын нөөцийг хөдөлгөөнгүй барина гэдэг боломжгүй бөгөөд тогтсон зарчмын дагуу түүнийг удирдана гэдэг нь байршуулах, худалдах, худалдан авах, хөрвүүлэх гэх мэтийн олон арга хэрэгслэлүүдийг байнга ашиглана гэсэн үг. Ингэснээр өдөр тутам эрсдэлтэй тулгарч байдаг. Үүнийг зохицуулахын тулд Монголбанкинд Эрсдлийн удирдлагын алба гэсэн бие даасан нэгжийг шинээр байгуулан ажиллаж байна. 2008 оноос Монголбанкинд Хөрөнгө оруулалтын хороо байгуулан энэ хороогоор дамжуулан гадаад валютын улсын нөөцийг үр ашигтай удирдлагаар хангаж байна. Ингэж байж л гадаад валютын улсын нөөцийн аюулгүй байдлыг хангаж, түүний төлбөр түргэн гуйцэтгэх чадварыг биелүүлж, өгөөжийг дээшлүүлдэг. Өнөөдөр Монгол улсын гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 800 орчим сая ам.долларт хүрсэн. Үүнийг гадаад валютын улсын нөөц шавхагдаад байсан 1990-ээд оны эхэн үетэй харьцуулахад богино хугацаанд хийсэн асар том дэвшил гэж ойлгож болно. Одоо бол бидний хувьд Монгол улсын гадаад валютын нөөцийг удирдахдаа дээр дурьдсан зарчмуудыг мөрдөх нь юу юунаас илүү чухал болоод байна.

- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн талаар та дэлгэрэнгүй тайлбарлана уу. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр ам. долларын ханш унаж байхад манайд тогтвортой байгаад байдаг. Үүнийг зарим эдийн засагчид шүүмжилдэг. Үүнд тодорхой хариулт өгнө уу.

- Өнөөдөр дэлхий дахинд үндсэн гурван төрлийн ханшийн дэглэм үйлчилж байна. Үүнд, хөвөх ханшийн тогтолцоо (floating exchange rate regime), хатуу тогтоосон ханшийн тогтолцоо (fixed exchange rate regime), аль нэгэн валюттай хамааруулан тогтоодог хөвөх ханшийн тогтолцоо (pegged exchange rate regime). Өнөөдөр хатуу тогтоосон ханшийн тогтолцооноос ихэнх орнууд татгалзаад байна. Манай улс 1993 оны 6 дугаар сарыг хүртэл хатуу тогтоосон ханшийн тогтолцоотой байж байгаад хөвөх ханшийн тогтолцоо руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү ханшийн тогтолцооны үед зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтээр дамжуулан ханшийг тогтоож байдаг гэсэн үг. Зохицуулалттай хөвөх ханшийн тогтолцооны үед ханшийг эрэлт, нийлүүлэлтээр зохицуулах боловч тухайн улс орны инфляцийн түвшин гэх мэт зарим үзүүлэлтүүдийг харгалзан бага зэрэг зохицуулалт хийн зарладаг. Сүүлийн жилүүдэд ам.долларын ханш бусад гол валютуудтай харьцуулахад унаж байгаа хэдий ч дэлхийн зах зээл дээр голлох валют хэвээрээ байна. Дэлхийн зах зээл дээр улс хоорондын худалдааны төлбөр тооцоонд голлон ашиглагдаж, нөөцийн хувьд ч гэсэн голлох валютын нэг хэвээр байгаа. Ам.долларын ханш унаж байна гээд дотоодын зах дээр дагуулаад унагаад байна гэсэн ойлголт байж болохгүй. Манай гадаад худалдааны голлох хоёр түнш худалдаагаа гол төлөв ам. доллараар гүйцэтгэж байна. Үүнийг дагаад манай улсын банк хоорондын гадаад валютын зах дээр ам.долларын эрэлт, нийлүүлэлт их байна. Монголбанк өдөр тутам банк хоорондын гадаад валютын зах дээрх гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийн мэдээг авч, түүнд тулгуурлан ханш зарладаг. Гадаад валютын ханш гэдэг харьцангуй ойлголт. Үндэсний валютын ханш чангарна гэдэг нь сайн зүйл, харин сулрана гэдэг байдал муудаж байна гэж үзэж болохгүй. Жишээлбэл, 1970-аад оны эцэс, 80-аад оны эхэнд АНУ-ын эдийн засгийн өсөлт сул, ажилгүйдэл ихтэй, АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийлүүлэлт муу байсан. Тэгвэл энэ үед ам.долларын бусад голлох валюттай харьцах ханш хэт чанга байснаас шалтгаалан АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бусад улсад үйлдвэрлэсэн ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэт өндөр үнэтэй болсон. Үүнээс улбаалаад АНУ-ын дотоодод ч гэсэн бусад орны хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал их болсон. Үүнийг дагаад бүтээгдэхүүний үйлдвэрлэл зогсож, ажилгүйдэл их болж, өсөлт харагдахгуй болоход хүрч байв. Тэгвэл тухайн үед Ерөнхийлөгч Рейганий дотоодод хийсэн нэг том алхам бол ам.долларын ханшийг сулруулж өгснөөр дээрх асуудлыг шийдвэрлэхэд том түлхэц болсон гэж үздэг. Үүнийг Японы иен дээр ч тайлбарлаж болно. Иен гэдэг хүчирхэг валют. 1 ам.доллар 105-115 иен дээр байнга хэлбэлзэж байна. Тэгвэл иенийг 100-аас доош 90 хуртэл чангарууллаа гэж үзвэл Японы эдийн засагт цохилт болно. Ялангуяа гадаад худалдааны бараа эргэлтэд экспорт давамгайлдаг бол түүнд муу нөлөөтэй болно гэсэн үг. Ийм учраас гадаад валютын ханш гэдэг нь харьцангуй утгатай бөгөөд эдийн засагт нөлөөлдөг чухал хэрэгслэл болдог. Хэдийгээр ам. долларын нэр хүнд унаж, зарим орнууд бусад валютыг, тухайлбал, евро гэх мэтийг ашиглах болсон гэвэл энэ нь нийтээрээ өнөө маргаашгүй хэрэглээд эхэлнэ гэсэн хэрэг биш гэдгийг л хэлэх байна. Ханшийн хувьд гэвэл өнөөдөр Монголбанк банк хоорондын зах дээрх эрэлт, нийлүүлэлтээр төгрөгийн ханшийг тогтоож байна. Ханшийн өсөлт, бууралтыг тогтооход маш олон хучин зүйлийг харгалзахад хүргэдэг. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн онуудтай харьцуулахад гадаад худалдааны нийт эргэлт өссөн, түүнийг дагаад дотоод дахь гадаад валютын захын үйл ажиллагаа идэвхижсэн, гадаад валютын эргэлт түргэссэн, оролцогчдын бутэц илүү өргөн хурээтэй болсон, гадаад валютын захын үйл ажиллагаанд ашиглагддаг арга, хэрэгслэлүүд илүү нарийн болсон зэрэг дэвшил их гарсан. Монголбанк эдгээр хүчин зүйлүүдийг харгалзан үзээд 2008 оны 2 дугаар сард Валютын арилжааны ажилтнуудын зөвлөлгөөнийг, 2008 оны 7 дугаар сард Төлбөрийн тэнцэл, гадаад хөрөнгө оруулалтын позицийн статистикийн семинарыг зохион байгуулсан. Зорилго нь гэвэл нэгдүгээрт, дотоод дахь гадаад валютын захын үр ашгийг сайжруулах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замуудыг тогтоох, гадаад валютын захын үйл ажиллагаанд орших янз бүрийн эрсдлүүдийг удирдах талаар санал солилцох сургалт хийх явдал байсан. Хоёрдугаарт, валютын бодлогыг хэрэгжүүлэхэд чухал хүчин зүйл болдог төлбөрийн тэнцэл болон гадаад хөрөнгө оруулалтын позици, түүний агуулга, ач холбогдол, хэрэглээг түүнд оролцогч талуудад ойлгуулах, үүрэг, хариуцлагыг сайжруулах явдал байсан. Гуравдугаарт, Монгол улсад валютын бодлогыг хэрэгжүүлэх суурь хууль болох Валютын зохицуулалтын хуулийг шинэчлэхэд түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгслэлүүдээр дамжуулан субъектуудын санал бодлыг сонсох явдал байсан. Бид эдгээр зорилтуудыг амжилттай шийдвэрлэсэн гэж үзэж байна.

- Төлбөрийн тэнцэл болон манай улсын экспорт, импортын байдал ямар байдалтай байгааг манай уншигчдад танилцуулна уу.

- Төлбөрийн тэнцэл гэдэг нь Монгол улсаас гадаад улсуудтай харьцснаар үүсч буй хөрөнгийн урсгалыг илэрхийлдэг статистик юм. Энэ нь гадаад валютаар илэрхийлэгдэж байдаг. Монголбанк Монгол улсын төлбөрийн тэнцлийн статистикийг 1996 оноос эхлэн хариуцан гаргаж байгаа бөгөөд төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг сар, жилээр нэгтгэн боловсруулж, Монголбанкны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлж байна. Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ харьцангуй өндөр байсан жилүүд буюу 2005-2007 онуудад манай төлбөрийн тэнцлийн урсгал данс ашигтай гарч байсан. Харин 2008 оноос дэлхийн зах зээл дэх нефтэн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь импортын барааг мөнгөн дүнгээр өсөхөд голлон нөлөөлж, худалдааны тэнцэл алдагдалтай гарлаа. Сүүлийн жилүүдэд төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн хүчин зүйлсүүдийн нэг нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн Монгол руу гуйвуулж буй мөнгөн шилжүүлгийн хэмжээ өссөн явдал байсан. Үүнд ялангуяа БНСУ, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд нилээд жин дарж байна. Гэтэл дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралын улмаас дээрх улсууд дахь ажилгүйдлийн тоог нэмэгдүүлж эхэлсэн нь дотогшоо ирж буй валютын шилжүүлгийн өсөлтийг сааруулахад хүргэж байна. Нөгөө талаар манай улсад ажиллаж, амьдарч буй гадаадынхан өөрсдийн эх орон руугаа гуйвуулсан шилжүүлгийн хэмжээ өсөх хандлага ажиглагдаж байна. Үүнд, барилгын салбар эрчимтэй хөгжсөн, уг салбар дахь гадаадынхан, тэр дундаа БНХАУ-ын ажилчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Түүнчлэн Монголд орж ирж буй гадаад шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямрал энэ хөрөнгө оруулалтын өсөлтөд нөлөөлж болно. Өөрөөр хэлбэл, инфляцийн өсөлтөөс гадна төлбөрийн тэнцэлд ч таагүй байдлаар нөлөөлөх тул улс төр, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах нь зайлшгүй чухал болоод байна. Ийм нөхцлийг хангаж чадвал орон сууцаар барьцаалсан үнэт цааснаас хөрөнгө оруулалтаа татсан барууны орнуудын том хөрөнгө оруулагчдын сонирхолд Монгол орон өртөх боломж байна. Энэ боломжийг бид алдах ёсгүй.

- Сүүлийн үед манайд илт ажиглагдах болсон үнийн өсөлт, инфляцийг албаны хүмүүс болон судлаачид янз бүрийн өнцгөөс тайлбарлаж, бие биесээ шүүмжлэх, тэр дундаа Монголбанкийг шүүмжилж байна. Монголын мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байдаг байгууллагыг удирдалцаж байдаг хүн энэ нөхцөл, байдлыг хэрхэн тайлбарлах вэ?

- Тийм ээ. Манай эдийн засагт гадаад, дотоод олон хүчин зүйлсийн улмаас үнэ өсөн инфляцийн түвшин өндөр болж, энэ нь манай ард нийтийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Инфляцийн өсөлт, түүнийг өдөөгч суурь хүчин зүйлсүүдийг Монголбанк анхааралтай судлан хариу арга хэмжээ авч байна. Юуны өмнө төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Монголбанк өөрийн зүгээс инфляцийг бууруулахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого явуулж байна. Бодлогын хүүг нэвтрүүлж түүний хэмжээг нэмэгдүүлж, заавал байлгах нөөцийн хувийг өсгөсөний дүнд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт, зээлийн агрегатуудын өсөлтийн хурдац ихээхэн саарсан. Өнгөрсөн хугацаанд инфляци өндөр гарахад импортоор авдаг бараа, үйлчилгээний өртөг нэмэгдсэн, хүнсний хангамжийн тогтолцоо үр ашиг муутай байсан зэрэг нийлүүлэлтийн талын хүчин зүйлс, төрийн сангийн бодлогын хүрээнд цалин, нийгмийн халамжийн шинжтэй арга хэмжээг хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн тэнцвэрт харьцааг үл харгалзан нийтийг хамруулсан хэлбэрээр хэрэгжүүлсэнтэй холбоотой эрэлтийн талын хүчин зүйлс, төрийн зүгээс тодорхой хэмжээнд удирдаж байсан зарим үйлчилгээний үнэ өссөн, мөн өрсөлдөөн сул байсны улмаас зарим салбарын үнийн өсөлт нэмэгдсэн зэрэг бүтцийн хүчин зүйлс нөлөөлсөн. Засгийн газрын зүгээс ч бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнийн зөрүүгээр нөхөн олговор олгох, гурил, улаан буудайн гааль болон НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх, махны нөөц бүрдүүлж, тогтоосон хуваарийн дагуу хавар, зуны улиралд зах зээлд нийлүүлэх зэрэг арга хэмжээнүүд нь үнийн хөөрөгдлийг тогтоон барих, багасгахад зохих нөлөө үзүүлсэн. Гэхдээ нефтийн бүтээгдэхүүн, хүнсний барааны хангалтад импорт зонхилдог манай орны хувьд гадаад худалдааны гол түнш орнуудын инфляци өссөн, валютын ханш нь чангарснаас зарим барааны импорт тасалдсан, дэлхийн зах зээлийн үнэ өссөн зэрэг нийлүүлэлтийн талд таагүй нөлөө үзүүлснээр инфляцийн өсөлт эрчимжихэд нөлөөлсөн. Би үүгээрээ бүх бурууг хөрш орнуудын инфляцийн өсөлт руу чихэх гээд байгаа юм биш. Эдийн засаг даяаршиж байгаа өнөө үед сайн зүйлийг нь наашаа гээд, саар зүйлийг нь цаашаа гээд санааны зоргоор зохицуулаад байдаг зүйл биш, харин бид бусдаас хэт хараат байна гэдгийг л тэмдэглэх гэсэн юм. Бидний хувьд шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа. Тухайлбал, импортын хэмжээ өсөхийн хэрээр манай тээвэрлэлтийн хүчин чадал хүрэлцэхгүй байх тохиолдол байнга гарч байгаагаас саатал үүсэж, энэ нь инфляцийн өсөлтөд нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд цалин, нийгмийн халамжийг хэт хавтгайруулан өсгөсөн тал бий. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт цалин, тэтгэмжийн өсөлтөөс бараг 7 дахин доогуур байгаа тооцоо гарч байна. Мөнгөний өсөлтийг тооцохдоо нөгөө талдаа бүтээгдэхүүнээр өсч байх ёстой гэдэг тэнцвэрт логикийг бид орхигдуулж байна. Эдгээрийг дурьдаж байгаа нь мөнгөний бодлогын арга хэрэгслэл, түүний өөрчлөлтөөс үл хамаарах хүчин зүйлүүдийн нөлөөлөл хэт их байгааг хэлж байна. Улс төрийн хүрээнд явагдаж буй хэт их мөнгөний амлалт, төсвийн шууд бус зардлыг хэт их өсгөж байгаа нь инфляцийн хүлээлтийг бий болгож байна. Иймд инфляцийн өсөлтийн эсрэг тэмцэнэ гэдэг нь дан ганц Монголбанкнаас явуулж буй бодлоготой хамаатай төдий бус мөнгөний, төсвийн бодлогын харилцан уялдаанаас шууд хамаарах болно. Саяхан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нар уулзаж энэ талаар санал солилцож, төсвийн хэмнэх буюу хумих бодлогыг бүх шатанд хэрэгжүүлэх, түүнтэй уялдсан мөнгөний хатуу бодлогыг явуулах талаар зөвшилцөлд хүрсэн. Иргэн аж ахуйн нэгж гэлтгүй бүгд хэмнэлтийн горимд шилжих ёстой. Хөдөлмөрийн бүтээмжийг өсгөж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогч бүхнийг татвар, гааль, зээл, хүүний бодлогоор урамшуулах ёстой. Монгол улсын эдийн засгийг бусдаас хараат бус болгох тийм бодлогыг бид яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.

- Тэгвэл Монголбанкнаас явуулж буй мөнгөний хатуу бодлого нь Монгол улсын санхүүгийн системийн таатай орчныг бэхжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэх гэсэн зорилтуудтай хэр уялдаж байгаа вэ?

- Мөнгөний хатуу бодлого явуулах нь сүүлийн жилүүдэд бүрэлдэж бий болсон банк, санхүүгийн тогтолцоонд иргэдийн зүгээс итгэх итгэл, санхүүгийн орчны таатай нөхцлийг эвдэх гэсэн хэрэг биш юм. Та өөрөө санхүүгийн систем гэж хэллээ шүү дээ. Санхүүгийн тогтолцоо гэж санхүүгийн зах зээлийн хэвийн найдвартай ажиллагааг улс, төр, эдийн засаг, хууль эрхийн талаас нь бүрдүүлж өгч цогц болдог. Өнөөдрийн санхүүгийн системийн орчин бол өнгөрсөн 20 гаруй жилийн турш бүрэлдэж бий болсон. Монголбанк хуульд заасан эрхийн хүрээнд явуулж байдаг бодлогоороо дамжуулан энэхүү цогцын нэг хэсгийг бий болгодог. Үүнд, мөнгөний, валютын, төлбөр тооцооны гэх мэт чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг. Мөнгөний болон валютын бодлогын чиглэлийг дээр дурьдсан. Тэгвэл одоо төлбөр тооцооны талаар ярилцъя. Монгол улсын үндэсний төлбөр тооцооны системд Монголбанк онцгой байр суурийг эзэлдэг. Ямар ч хувь хүн, аж ахуйн нэгжүүд өдөр тутмын мөнгөн гүйлгээгээ банкаар дамжуулан гүйцэтгэдэг шүү дээ. Тэгвэл үндэсний төлбөр тооцооны систем гэдэг нь төлбөрийн хэрэгслэл, төлбөр тооцооны үйл ажиллагааны дэд бүтэц, техник, технологийг бүхэлд нь хамардаг ойлголт бөгөөд өнөөгийн нөхцөлд технологийн дэвшил, зах зээлийн хөгжил нь бэлэн бус төлбөрийн систем, түүний шинэ хэрэгслэлүүдийг бий болгоход нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын банк хоорондын бүх төрлийн төлбөр тооцоог их ба бага дүнтэй төлбөр тооцооны системээр дамжуулан ажлын 1-3 хоногт гүйцэтгэж байна. Ингэснээр төлбөр тооцооны шуурхай, найдвартай байдлыг хангах, эрсдлийг бууруулах боломжийг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцүүлэхэд том алхам хийгдсэн. Үүнийг тоогоор илэрхийлбэл, 2000 онд банк хооронд нийт 1,2 их наяд төгрөгийн 695 мянган гүйлгээ хийгдэж байсан бол 2007 онд 14,3 их наяд төгрөгийн 3,6 сая гүйлгээ хийгдсэн нь гүйлгээний тоо 5 дахин, гүйлгээний дүн 12 дахин нэмэгдсэн. Тэгвэл Монголбанк одоо төлбөр тооцооны бодит цагийн горимыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2009 оны эхний улиралд багтаан уг системийг нэвтрүүлнэ. Дэлхийн 90 гаруй оронд ашиглагдаж байгаа энэ системийг хэрэглэснээр төлбөр тооцоо тухайн өдөртөө хийгдэх болно. Бидэнд тулгарч байгаа өөр нэг асуудал бол төлбөрийн карт юм. Төлбөрийн картын хэрэглээг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөний хэрэглээг багасгах бодлогын хүрээнд Монголбанк картын клирингийн ажиллагааг нэвтрүүлэх, шаардагдах эрх зүй, техник хангамжийн ажиллагааг зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилт нь нэгдсэн стандарт бүхий үндэсний сүлжээ бий болгох, програм хангамж, техник, тоног төхөөрөмжийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Манай хүн амын гурван хүн тутмын нэг нь төлбөрийн карт эзэмшиж байна. Улиралд 600 орчим тэрбум төгрөгийн гүйлгээ картаар хийгдэж байна. Өнөөдөр Монголын томоохон арилжааны банкны аль нэгний суурилуулсан АТМ, эсвэл үйлчилгээний газруудад байрлуулсан терминалууд нь зөвхөн тодорхой нэг картыг хүлээн зөвшөөрч байгаа нь санхүүгийн зах зээлийн хөгжлийн маш том тээг болж байгааг хүн бүр л ойлгож байна. Тэгвэл Монголбанк энэ монопольчлолыг задалж, шударга өрсөлдөөний зарчмыг тогтоох, нэг ATM юмуу терминалаар бүх төрлийн картыг уншдаг болгох, төлбөрийн карт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглүүлж үйл ажиллагаа явуулж байна. Монголбанк энэ оны 3 дугаар сард "Банкны системийн төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэл, мэдээллийн ажилтнуудын зөвлөлгөөн"-ийг зохион байгуулсан. Энэ зөвлөлгөөний үр дүнд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкууд, Хөрөнгийн бирж зэрэг санхүүгийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Төлбөр тооцооны үндэсний зөвлөлийг үүсгэн байгуулж, Үндэсний төлбөр тооцооны системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги баримт бичгийг боловсруулсан. Энэ ажлын хүрээнд төлбөр тооцооны системийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Төлбөр тооцооны хуулийг шинээр боловсруулах зорилт тавьж байна. Түүнчлэн бэлэн мөнгийг багасгах, бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн алслагдсан дүүргийн иргэдэд банкны үйлчилгээг гар утсаар хүргэх ажлыг нэвтрүүлж эхлээд байна. Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлж буй нэг чухал ажил бол хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн орчинг бүрдүүлэх явдал юм. Бид Хадгаламжийн даатгалын хуулийн төслийг Засгийн газартай хамтран боловсруулаад УИХ-д хүргүүлсэн. Энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Удахгүй Монгол улсад иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тогтолцоо бий болно.

No comments:

Post a Comment