Tuesday, September 1, 2009

Хууль зөрчсөн тохиолдолд валютын орлогыг нь хураана

Монгол төгрөгийн ханшийг үнэгүйдлээс хамгаалах зорилготой Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хууль өнгөрөгч долдугаар сард батлагдсан. Уг хуулийн талаар:

- Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хуульд төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах ямар заалтууд орсон бэ?
- Заалтуудын талаар тодруулбал?
- Хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүн хүлээж байна вэ?
- Гадаад валютаар зарим төрлийн татварыг авдаг гэсэн. Үүнийг хуулиар зохицуулсан уу?
- Гадаад валютын ханшийг тогтворжуулах талаар өөр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Валютын арилжааны дуудлага худалдааны үр дүн хэр байгаа бол?
- Томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд хуулийн дагуу хариуцлага тооцоод явах боломж өргөн. Харин хувиараа автомашин зардаг хүмүүс ч юм уу жижиг бизнес эрхэлдэг хүмүүс бараа, бүтээгдэхүүнээ доллараар үнэлээд төгрөгт шилжүүлж төлбөр тооцоо хийдэг. Үүнийг яаж зохицуулах вэ?

- Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хуульд төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах ямар заалтууд орсон бэ?

- Өнгөрсөн хугацаанд Монголбанк, Сангийн яам, төрийн бусад байгууллагатай хамтран хийсэн хяналт шалгалтын явцад төгрөгийг үнэгүйдүүлдэг зөрчил багагүй илэрсэн. Ийм ч учраас энэ шалгалтын дүнг үндэслэн Монголбанк ийм хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэдэг талаар ярилцаж, гурван сарын хугацаанд боловсруулан УИХ-ын гишүүдээр дамжуулж УИХ-д өргөн барьсан юм. Хуулийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн байгууллагуудаас санал авсан. Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой харилцааг тодорхой болгож зохицуулж өгсөн. Өмнө нь хэдийгээр цөөнгүй хуульд төгрөгөөр төлбөр тооцоо хийх талаар тусгасан ч тусгайлсан хууль байгаагүй.

Тодруулбал, хуульд “Төгрөгөөр төлбөр тооцоо хий” гэсэн үг, үсэг байхгүй, зарим хууль энэ харилцааг тайлбарлах гэж оролдсон ч тодорхойгүй. Үүнээс болоод хүмүүс гуйвуулах, буруу хэрэглэх явдал их гардаг байсан. Энэ ч үүднээс асуудлыг тодорхой болгож, цэгцлэхийн тулд бие даасан хууль байх шаардлагатай юм. Хуулийн гол зорилго нь үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдлээс хамгаалах. Үүний тулд хариуцлагын тогтолцоог сайжруулсан заалтууд оруулсан.

- Тодруулбал?

- Хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангарсан. Тухайлбал, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас нь олсон валютын орлогыг хураана. Удаа дараа зөрчил гаргавал иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30, дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1-3.2, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5-10.8 сая төгрөгөөр торгох заалттай. Үүнээс гадна үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13, 14 дүгээр заалтыг үндэслэн ийм арга хэмжээ авах юм. Шаардлагатай тохиолдолд гадаад валютаар төлбөр тооцоо хийж хууль зөрчин Монгол Улсын валютын дотоодын захын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бизнесийн нэр хүндэд халдах хүртэл арга хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлэхээр төрийн бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Зөрчлийг арилгуулахын тулд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам шаардлага тавина. Дээр нь хэрэглэгчид өөрсдөө шаардлага тавих эрхтэй.

Өөрөөр хэлбэл, гадаад валютаар төлбөр тооцоо хийх гээд байгаа хүмүүст хэрэглэгчид шаардлага тавих хэрэгтэй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яаманд энэ талын мэдээлэл өгч, улсын байцаагчид хуулийг хэрэгжүүлэх хөшүүргийг хэрэглэх ёстой. Хууль батлагдсанаас хойш бид удаа дараа хяналт шалгалт хийлээ. Байдал сайжирч, өөрчлөгдөж байгаа. Өмнөх жилүүдэд найм, есдүгээр сард эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, онгоцны тийзийг захиалахын тулд валютын эрэлд гардаг. Эрэлт огцом нэмэгддэг байсан бол одоо өөрчлөгдсөн.
Дотоодын сургуулиуд ч мөн ам.доллар шаарддаг байдлыг зогсоосон. Валютаар төлбөр тооцоо хийх гэсэн тохиолдол мэр сэр гарсан. Гэхдээ бидний зүгээс шаардлага тавихад хууль гарсныг мэдээгүй, сонсоогүй учраас ийм байдалд орлоо гэж тайлбарлаж байна.

- Хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүн хүлээж байна вэ?

- Юуны түрүүнд гадаад валютын хиймэл, зохиомол хэт их эрэлтийг зогсоож байгаа. Монгол Улс төгрөг гэдэг өөрийн бие даасан мөнгөн тэмдэгттэй, тусгаар улс. Иймээс төгрөгийн ханшийг үнэгүйдлээс хамгаалж, үндэснийхээ мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийдэг болгох нь хуулийн зорилго шүү дээ. Энд мөн нэгзүйлийгонцлоход зарим аж ахуйн нэгж тооцооны нэгж гэдгийг үйлчилгээндээ мөрдөөд байдаг. Тооцооны нэгж гэдэг нь бараа, ажил үйлчилгээний үнэ төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байхаар илэрхийлэгдсэн үнийн санал юм. Тэгэхээр энэ хуульд тооцооны нэгжээр төлбөр тооцоо хийх, үнэ тогтоох, үйл ажиллагаагаа зарлан сурталчлахыг хориглосон. Тиймээс худалдаа, үйлчилгээний байгууллагууд үнийг тооцооны нэгжээр илэрхийлнэ гэж бодож болохгүй. Эс бөгөөс орлогоо хураалгах, торгуулах, үйл ажиллагаагаа зогсоох хүртэл байдалд орж болзошгүй.

Нөгөөтэйгүүр та бүхэн мэдэж байгаа, өмнө нь орон сууцны ам метрийн үнэ, сургалтын төлбөр, бараа, ажил үйлчилгээг доллараар үнэлж, түүнийгээ ил тод сурталчилдаг байсан. Бид хууль гарахаас өмнө шалгалт хийгээд зөрчил гаргасан бол 50-250 мянган төгрөгөөр л торгодог байсан. Одоо бол хариуцлагын хэмжээ өндөр болсон учраас аж ахуйн нэгжүүд нэлээд холбогдож, зөвлөгөө авч байна. Ил тод сурталчлах явдал зогссон. Энэ мэтчилэн хуулийн үр дүн эхнээсээ гарч байна.

- Гадаад валютаар зарим төрлийн татварыг авдаг гэсэн. Үүнийг хуулиар зохицуулсан уу?

- Манай зарим хууль тогтоомжид ам.доллараар илэрхийлсэн заалт байсан. Тухайлбал, шимтгэл, татвар гэх мэт. Тэгвэл энэ хуулиар аливаа Монгол Улсын хууль тогтоомжид хураамж шимтгэл, хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо төгрөгөөр илэрхийлэхийг зааж өгсөн. Нэг үгээр хууль тогтоох байгууллагаасаа эхэлж төгрөгжих, төгрөгөөр аливаа үнийн саналыг тогтоох зэрэг зарчмын заалтууд орсон. Өмнө нь төсвийн байгуулага, жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр ам.доллараар татвараа төлж байсан. Үүнийг хуулийн 4.2-т хориглосон. Улсын болон орон нутгийн төсөвт төлөх төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглосон заалт бий. Тэгэхээр “Эрдэнэт” ам.доллараар татвараа төлж байсан бол өнөөдөр дотоодын захад өөрөөр хэлбэл үйлчлүүлдэг банкууддаа ч юм уу валютынхаа цэсийн үнийн орлогыг тушаагаад тэрийгээ төгрөгөөр зарах ёстой. Түүнийг нь арилжааны банкууд худалдаж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, валютын нийлүүлэлт зах руугаа орно. Захыг ийн валютжуулснаар ханш нь сулрах юм.

- Гадаад валютын ханшийг тогтворжуулах талаар өөр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Ер нь Монголбанкнаас валютын ханшийг сулруулах, чангаруулах тодорхой бодлого явуулдаггүй. Валютын ханшийг зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр тогтоож байдаг. Хүн бүр доллар авах гээд эрэлт нэмэгдвэл валютын ханш өснө. Харин зэсийн үнэ өсөөд, аялал жуулчлал өргөжөөд, гадаадад ажиллаж буй хүмүүсийн валютын орлого Монголд орж ирэх зэрэг байдлаас үүдэн нийлүүлэлт нэмэгдвэл ханш буурна. Хэрэв ханш огцом дээш, доош савлах юм бол үүнийг тогтворжуулах зорилгоор Монголбанкнаас валютын интервэнц хийдэг. Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд валют худалдаж авах үйл ажиллагаа явуудаг. Нэг үгээр зах дээр хэт их валют байвал худалдаж авч, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Хэрэв валют хомсдвол нөөцөөсөө худалддаг.

- Валютын арилжааны дуудлага худалдааны үр дүн хэр байгаа бол?

- Төвбанкны тухай хуулиар валютын интервэнцийг арилжааны банкуудаар дамжуулдаг. Арилжааны банкууд цааш нь импорт, экспортын компаниуд, валют хэрэгцээтэй байгаа иргэд, аж ахуйн нэгжид өгдөг. Энэ үйл ажиллагааг улам боловсронгуй болгох үүднээс дуудлага худалдааны хэлбэрт гуравдугаар сард орсон юм. Сүүлийн гурав, дөрвөн дуудлага худалдааны дүнг харахад арилжааны банкууд Монголбанкинд валют худалдах сонирхолтой байгаа нь ажиглагдаж байна. Нэгдуудлага худалдаанд арилжааны банкуудаас дор хаяж 8-12 сая ам.доллар зарах санал ирж байгаа. Бид валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа учраас хэрэгцээтэй, зохистой гэсэн хэмжээгээр нь худалдан авч байна.

- Томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд хуулийн дагуу хариуцлага тооцоод явах боломж өргөн. Харин хувиараа автомашин зардаг хүмүүс ч юм уу жижиг бизнес эрхэлдэг хүмүүс бараа, бүтээгдэхүүнээ доллараар үнэлээд төгрөгт шилжүүлж төлбөр тооцоо хийдэг. Үүнийг яаж зохицуулах вэ?

- Хуулийн хүрээнд тэд ч бас бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төгрөгөөр илэрхийлэх ёстой. Мэдээж тухайн бараа бүтээгдэхүүнийг ямар үнээр оруулж ирсэн, өнөөдөр ханш нь ямар байна гэдэг тооцоо хийх нь тэдний дотоод асуудал. Гагцхүү олон нийтэд ил тод гаргаж үнэ тогтоохдоо төгрөгөөр л тогтоох ёстой. Түүнээс ам.доллараар илэрхийлчихээд дараа нь “би төгрөгт шилжүүлж авсан” гэж болохгүй. Хуульд валютаар үнэ тогтоох, зарлан сурталчлах, төлбөр тооцоо хийхийг хориглоно гээд заачихсан байгаа.

"Үнэн" сонин. Ярилцсан Д.Элбэрэлт

No comments:

Post a Comment