Monday, May 4, 2009

Ханшийн тогтворжилт нь иргэдийн амжиргаанд чухал нөлөөтэй

- Манай улсын эдийн засагт гадаад валютын эрэлт, хэрэгцээ яагаад нэмэгдэв? Энэ нь бодит эрэлт үү эсвэл зохиомол уу?
- Гадаад валютын нөөц буурсны үндсэн шалтгаан юу байв?
- Өнгөрсөн хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
- Валютын зах зээлийн ханшаас Монголбанкны ханш ихээхэн ялгаатай байна гэсэн яриа байна. Яагаад эдгээр ханшууд өөр хоорондоо зөрүүтэй байдаг юм бэ?
- Банк хоорондын захын дундаж ханшийг тухайн өдрийн валютын зах зээлийн ханш гэж ойлгож болох уу?
- Монголбанк ямар зарчимд үндэслэн интервенцийн бодлогоо хэрэгжүүлдэг вэ?
- Монголбанкны интервенцийн ханш заримдаа валют солих цэгийн ханшаас доогуур байх юм. Үүнээс шалтгаалж Монголбанк ашиг алдах, зах зээлд оролцогчид ханшийн зөрүүгээс ашиг ч олох, бас алдагдал ч хүлээх нөхцөл байдал үүсч байгаа юм биш үү?

- Манай улсын эдийн засагт гадаад валютын эрэлт, хэрэгцээ яагаад нэмэгдэв? Энэ нь бодит эрэлт үү эсвэл зохиомол уу?
- Дэлхийн аж үйлдвэрлийн бууралт, эдийн засгийн агшилтаас шалтгаалж бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ, тэр дундаа манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өнгөрсөн оны сүүлийн улиралд огцом (хоёр дахин) унаж, манай улсын гадаад худалдаа, төсөв, төлбөрийн тэнцэл гурвалсан алдагдалтай болж эхэлсэн. Ийнхүү макро эдийн засгийн суурь талаасаа эдийн засгийн эргэлт дэх гадаад валютын орох урсгал эрс буурснаас гадна банк, санхүүгийн системээс мөнгөн хөрөнгө, хадгаламж их хэмжээгээр гадагшилсан нь дотоодын захад валютын бодит эрэлтийг нэмэгдүүлэх, валютын захыг тэнцвэргүй байдалд оруулахад шууд нөлөөлсөн байна. Валютын бодит эрэлт ихэссэнээс гадна банкууд гадаад валютаар эх үүсвэр бүрдүүлэх, иргэдийн хадгаламж долларжих үзэгдэл хавтгайрч, нийгэмд “гадаад валютад шүтэх” хандлага түгээмэл болсон нь валютын зохиомол эрэлтийг нэмэгдүүлж, гадаад валютын ханшийг хөөрөгдсөн юм. Тэгэхлээр, манай улсын эдийн засагт гадаад валютын бодит эрэлтээс гадна зохиомол эрэлт нэмэгдсэн нь валютын захыг тэнцвэргүй болгоход нөлөөлсөн гэж дүгнэж болно.

- Гадаад валютын нөөц буурсны үндсэн шалтгаан юу байв?
- Валютын үлэмж хэмжээний эрэлтийг банкууд хангах чадавхигүй болоход улсын хэмжээний ач холбогдолтой гадаад төлбөр тооцоо хугацаа хоцрох, газрын тосны бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний хүнс, эм тариа, тоног төхөөрөмж зэрэг стратегийн чухал барааны импорт тасалдах эрсдэл манайд үүссэн юм. Иймд Монголбанк улсын гадаад төлбөр тооцоог хоцроохгүй хийх, эдийн засагт зайлшгүй шаардлагатай импортын төлбөрийг тасалдуулахгүй байх үндсэн зориулалтаар нь гадаад валютын нөөцийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх хамгийн доод жишиг түвшнээс бууруулахгүй байх шаардлагад нийцүүлэн зохистой хуваарилалтын зарчмаар зарцуулж, дотоодын валютын захын үлэмж хэмжээний эрэлт, хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангасан нь валютын нөөцийг бууруулахад нөлөөлсөн. Ингэснээр өргөн хэрэглээний барааны импортын тасалдал, ханшийн хэт савлагаа, инфляцийн хөөрөгдөл, эдийн засгийн уналт, банк санхүүгийн салбарын тогтворгүй байдал, валютын хямрал, эдгээрээс шалтгаалан нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж чадсан юм.

- Өнгөрсөн хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
- Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанк шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, алтны үйлдвэрлэлийг дэмжин, банкууд ба Монголбанкинд худалдах алтны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хомсдлыг нөхөх эх үүсвэрийг шийдвэрлэх, дотоодын зах зээлээс алт худалдан авах журамд өөрчлөлт оруулж, алт тушаагч талд урьдахаас өндөр үнийг санал болгох, гадаадын харилцагч байгууллагаас алтны урьдчилгаа санхүүжилт авах зэрэг арга хэмжээ авч байна. Түүнчлэн, эдийн засгийн өсөлтийг дэмжих, банк, санхүүгийн салбар, макро-эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, валютын нөөцийг олон улсын жишиг доод түвшнээс бууруулахгүй байх шаардлагыг хангах зорилгоор Монгол улсын Засгийн газар, Монголбанк нь ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж, гадаад эх үүсвэрээр валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Монголбанкны бодлого, ОУВС-гийн хөтөлбөрийн амжилттай хэрэгжилт, түүнчлэн алт олборлолтын улирал эхэлсэнтэй уялдан гадаад валютын орох урсгал, нөөц нэмэгдэх эерэг хандлага бий болоод байна.

- Валютын зах зээлийн ханшаас Монголбанкны ханш ихээхэн ялгаатай байна гэсэн яриа байна. Яагаад эдгээр ханшууд өөр хоорондоо зөрүүтэй байдаг юм бэ?
- Юуны өмнө зах зээлийн ханш гэдэг ухагдахууныг зөв ойлгох хэрэгтэй. Бэлэн валют солих цэгийн ханшийг валютын зах зээлийн ханш хэмээн ташаа ойлгох зохисгүй хандлага нийтийн дунд байна. Бэлнээр валют солих цэгүүд буюу албан бус захад эргэлдэж буй валютын хэмжээ бага, ханш нь зөвхөн тухайн бэлэн валют арилжаалагчдын санал болгож буй ханш тул валютын зах зээлийн ханшийг илэрхийлж чаддаггүй. Харин валютын арилжаа, гүйлгээний дийлэнх хэсгийг эзэлдэг банк хоорондын захын бэлэн бус арилжаа, гүйлгээний ханш нь дотоодын валютын зах зээлийн ханшийг илэрхийлдэг. Иймд Монголбанк нь банк хоорондын захын дундаж ханш буюу валютын зах зээлийн ханшийг өдөр тутамд нийтэд зарлан мэдээлдэг. Монголбанкны зарлаж буй ханш нь банк хоорондын захын дундаж ханш буюу валютын зах зээлийн бодит ханш тул энэ нь бэлэн валют солих цэгийн буюу албан бус захын ханшаас ялгаатай байх нь ойлгомжтой.

- Банк хоорондын захын дундаж ханшийг тухайн өдрийн валютын зах зээлийн ханш гэж ойлгож болох уу?
- Валютын зах зээлийн ханш нь банк хоорондын захын дундаж ханш мөн. Гэхдээ Монголбанк хоёр өдрийн хоцрогдолтойгоор уг ханшийг зарладаг бөгөөд энэ нь банкуудаас мэдээллийг хүлээн авахад хугацаа шаардагддаг, дотоодын валютын захын дэд бүтэц сул хөгжсөн, мөн дотоодын зах үр ашиг муутай байдагтай холбоотой. Ханш зарлахад учирч буй хугацааны хоцрогдлыг арилгах, дотоодын валютын захын дэд бүтцийг хөгжүүлж үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк ажиллаж байна.

- Монголбанк ямар зарчимд үндэслэн интервенцийн бодлогоо хэрэгжүүлдэг вэ?
- Монголбанк нь гадаад валютын нөөц буурах дарамт их байсан өнгөрсөн улиралд олон улсын туршлагад үндэслэн, валютын зохистой хуваарилалт (import rationing)-ын зарчмаар интервенцийн бодлогыг ОУВС-тай зөвшилцсөний дагуу хэрэгжүүлж байлаа. Энэ хүрээнд зах зээлд үүссэн богино хугацааны савлагаа, гажуудлыг түргэн арилгах, банк хоорондын зах дээр үүссэн гадаад валютын хомсдлыг тодорхой хэмжээгээр нөхөх, улсын хэмжээний гадаад төлбөр тооцоог цаг алдуулалгүй хийх, стратегийн ач холбогдолтой чухал барааны импортыг тасалдуулахгүй байх зорилтуудыг амжилттай биелүүлсэн. Ингэснээр гадаад валютын нөөцийг зохистой хуваарилж, нөөц шавхагдах аюулаас сэргийлж чадсан болно.
Монголбанк ОУВС-тай хөтөлбөр тохирч, мөнгөний бодлогыг урьдчилан хатууруулах замаар инфляцийг бууруулах, төгрөгийн ханш сулрах дарамтыг багасгах арга хэмжээг авсны эцэст төгрөгийн ханшийг зах зээлийн зарчмаар нь тогтворжуулах зорилгоор гадаад валютын арилжааг зөвхөн дуудлага худалдаагаар хийж эхлээд байна. Ингэснээр төгрөгийн ханшийн хэт хэлбэлзэл бууран, ханш бодитой, чөлөөтэй тогтож байх зарчим хангагдан ханш тогтворжиж эхлээд байна.

- Монголбанкны интервенцийн ханш заримдаа валют солих цэгийн ханшаас доогуур байх юм. Үүнээс шалтгаалж Монголбанк ашиг алдах, зах зээлд оролцогчид ханшийн зөрүүгээс ашиг ч олох, бас алдагдал ч хүлээх нөхцөл байдал үүсч байгаа юм биш үү?
- Валют солих цэг буюу албан бус захын ханшийг Төвбанкны арилжааны ханш ба банк хоорондын захын ханшууд дагаж хөдөлдөг туршлага олон улсын түвшинд байхгүй. Иймд Монголбанкны арилжааны ханш ба банк хоорондын захын ханшийг бэлэн валютын арилжааны албан бус захын ханштай жишиж харьцуулах замаар аливаа дүгнэлт хийх нь утга, агуулга, үндэслэл муутай, зохисгүй үйлдэл юм. Монголбанкны интервенцийн ханш нь валютын зах зээлийн ханшийн хэт хэлбэлзлийг бууруулах, валютын захад оролцогчдын сэтгэл зүй, хүлээлтэд эерэгээр нөлөөлөх, импортын барааны үнийн өсөлтийг сааруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулж ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлогын арга хэмжээний нэг хэрэгсэл мөн. Үүнийг ашиг олох зорилго бүхий албан бус захын ханштай харьцуулан ашиг олох боломж ба алдагдал хүлээх нөхцлийн тухай ярих нь огт зохисгүй хэрэг билээ. Төвбанкны бодлогын арга хэмжээний үр дүнг ашгийн төлөөх аливаа үйлдлийн үр дүнтэй харьцуулж огт болохгүй.

No comments:

Post a Comment