Friday, May 8, 2009

327088 утас

1. 327088 дугаарын утсыг ажиллуулснаар хэдэн аж ахуйн нэгж байгууллагын талаар мэдээлэл ирсэн бэ? Мэдээлэл авах утсыг үргэлжлүүлэн ажиллуулсаар байх уу?
2. Ирсэн мэдээллийн мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ?
3. Үр дүн ямар байв?
4. Долларын ханш тогтворжиход энэ үйл ажиллагаа нөлөөлсөн үү?
5. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
6. Доллараар гүйлгээ хийж байсан байгууллагууд тооцох нэгжид шилжих явдал гарч байна. Энэ нь хуульд нийцэх үйл ажиллагаа мөн үү?

1. 327088 дугаарын утсыг ажиллуулснаар хэдэн аж ахуйн нэгж байгууллагын талаар мэдээлэл ирсэн бэ? Мэдээлэл авах утсыг үргэлжлүүлэн ажиллуулсаар байх уу?

Манай улсад газар аваад буй байгууллага хооронд, байгууллага-иргэн, иргэд хоорондын зарим төрлийн бараа, бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний үнэ тариф, гэрээ, түрээс, төлбөр тооцоо, цалин, зээлийн гүйлгээг ам.доллараар гүйцэтгэх болсон явдал нь эдийн засагт долларжих үзэгдлийг эрчимжүүлж, улмаар ам.доллар хомсдох, төгрөгийн ханшийн зохиомол сулралтыг бий болгох, инфляцийг өсгөх, иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгт итгэх итгэлийг бууруулахад нөлөөлж байна. Цаашилбал гадаад валютын албан нөөцийг бууруулах дарамтыг улам бүр нэмэгдүүлж макро эдийн засгийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөхүйц үр дагавартай.

Орон сууц худалдан авах, цэцэрлэг, дунд сургуульд хүүхэд сургах, байр талбай түрээслэх, интернэтийн үйлчилгээ авах, гадаад оронд буухиа шуудангаар захиа явуулахад хүртэл төлбөрийг ам.доллараар гүйцэтгэхийг шаардаж байгаа нь төгрөгийн орлоготой ард иргэдийг ам.долларын зарлагатай болгож, бодит орлогыг бууруулсан нь ард иргэдийн бухимдлыг төрүүлсэн.

Аливаа бараа, үйлчилгээний үнийг ам.доллар, еврогоор тогтоож, гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг шаардаж буй байгууллагуудын талаарх мэдээлэл, гомдлыг хүлээн авах, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор Монголбанк энэ оны 1 дүгээр сараас эхлэн 327088 дугаарт утсыг ажиллуулсан. Нийт 170 гаруй санал, гомдол энэ утсаар ирсэн. Эдгээр зөрчилтэй байгууллагуудыг шалгалт хийх жагсаалтанд бүрэн хамруулсан байгаа. Цаашид ч энэ 327088 утсыг ажиллуулах болно.

2. Ирсэн мэдээллийн мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ?

Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүх төрлийн ажил, үйлчилгээ, зар сурталчилгаа, аливаа үнийн санал болон тарифыг зөвхөн Монгол Улсын үндэсний валют-төгрөгөөр илэрхийлж байх тухай холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь хянан шалгах, эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар шаардлагатай бүх арга хэмжээг авах үүрэг бүхий шалгалтын ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Улсын Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Татварын Ерөнхий газартай хамтран байгуулж эхний ээлжинд 1 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд, дараагийн удаад 4 дүгээр сарын 7-ноос 22-ны өдрүүдэд нийтдээ давхардсан тоогоор 210 орчим аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалтыг Улаанбаатар хотоос гадна Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь аймагт хийсэн ба аж ахуйн нэгжүүдийг ажиллагааны чиглэлээр нь барилга, орон сууц, боловсролын үйлчилгээ, нислэгийн тийзийн үйлчилгээ, тээвэр зууч, автомашины худалдаа, интернет, компьютерийн худалдаа, худалдааны төв гэж ангилан шалгалаа.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээг авч, хууль, тогтоомжийн заалтуудыг тайлбарлан таниулах, улсын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн анхааруулах, шаардлагатай тохиолдолд торгох арга хэмжээ авсан. Шалгалтын Ажлын хэсгийн тайланг цаашид авах арга хэмжээний саналын хамт боловсруулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяраар ахлуулсан Засгийн газрын Онцгой үүрэг бүхий Түр хороонд хүргүүлээд байна (МУ-ын ЗГ-ын 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаар тогтоолоор санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын Онцгой үүрэг бүхий Түр хороог байгуулсан).

3. Үр дүн ямар байв?

Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүх төрлийн ажил, үйлчилгээ, зар сурталчилгаа, аливаа үнийн санал болон тарифыг зөвхөн Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр илэрхийлж байх, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэж байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гаргасан Монголбанкны мэдэгдэл болон өмнө нь хийгдсэн газар дээрх шалгалтууд үр дүнгээ өгч 50 орчим аж ахуйн нэгж, ялангуяа, худалдаа үйлчилгээний төвүүд түрээсийн болон интернетийн төлбөрийг төгрөгт шилжүүлсэн байв.

Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн бухимдлыг их хэмжээгээр төрүүлж буй зүйл бол яамдууд, төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, агентлагуудын үйлчилгээний төлбөр, элдэв хураамж, торгууль зэргийг валютаар тогтоосон явдал байлаа. Тухайлбал, гаалийн татвар, гаалийн агуулахын хадгалалтын төлбөр болон хугацаа хэтрэлтийн торгууль, гаалийн тооцоонд хэрэглэж буй ханш, тээвэр зуучлалын байгууллагын төлбөр, элдэв хураамж. Энэ байдал нь эргээд бараа үйлчилгээний үнийг валютаар тогтооход нөлөөлдөг аж.
Нөгөөтэйгүүр, арилжааны банкууд гадаад валютаар эх үүсвэр татан төвлөрүүлсэн нөхцөлд гадаад валютын зохистой харьцааны үзүүлэлтийг хангаж ажиллах, ханшийн эрсдлийг санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглах замаар зохицуулах ёстой байдаг. Гэтэл энэ талын чадавхи, туршлага, мэдлэг хомсоос банкууд ханшийн эрсдлийг зээлдэгчдэд үүрүүлж, ам.долларын орлогогүй байгууллага, иргэдэд ам.доллараар зээл олгож эхэлсэн. Бизнес эрхлэгчид, ард иргэд ч гадаад валютын зээл авахыг илүүд үзэж байв. Учир нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байхад ам.долларын зээлийн хүү төгрөгийн зээлтэй харьцуулахад хямд байсан. Гадаад валютаар зээл авсан бизнес эрхлэгчид нь өөрийн үйл ажиллагааг ханшийн эрсдлээс хамгаалах үүднээс эцсийн хэрэглэгчид буюу ард иргэд, харилцагчдад ханшийн эрсдлийг үүрүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ам.доллараар үнэлэн, төлбөр тооцоог ч ам.доллараар гүйцэтгүүлэх болсон байна.

4. Долларын ханш тогтворжиход энэ үйл ажиллагаа нөлөөлсөн үү?

Ам.долларын ханшийн хэлбэлзлийг бууруулж, ханшийг зах зээлийн зарчмаар нь тогтворжуулахад дээрх шалгалтын ажлын үр дүн, Монголбанкны мөнгөний хатуу бодлого, ханшийн ба интервенцийн бодлого, түүнчлэн дуудлага худалдаагаар валют арилжих арга хэмжээний үр дүнгүүд жинтэй нөлөөлсөн.
Монгол улсын төсөв, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн гурвалсан алдагдал, инфляцийн өндөр түвшин, импортоос хэт хамааралтай гадаад худалдааны бүтэц зэрэг хүчин зүйлээс гадна долларжилт, ам.долларын зохиомол эрэлтээс мөн шалтгаалж төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2008 оны 12 сараас эхлэн огцом суларч 1730 хүртэл өсч байсан. Үүний эсрэг Монголбанкнаас дээр дурдсан арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлсний үр дүнд төгрөгийн ханш чангарч сүүлийн 45 хоногийн турш дунджаар 1444 түвшинд тогтвортой байна. Өнөөдрийн буюу 2009 оны 5 сарын 8-ны өдрийн байдлаар Монголбанкны зарласан ханш 1422.41 байна.

5. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

Гадаад валютын зохиомол эрэлтийг бий болгож, долларжих үзэгдлийг нэмэгдүүлж, ард иргэдийн орлогыг бууруулж буй гол хүчин зүйл болох байгууллага хооронд, байгууллага-иргэн, иргэд хоорондын зарим төрлийн бараа, бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний үнэ тариф, гэрээ, түрээс, ажил үйлчилгээ, төлбөр тооцоо, цалин, зээлийн гүйлгээг ам.доллараар гүйцэтгэж буй ажиллагааг нэн даруй таслан зогсоох нь Монгол Улсын нийтлэг эрх ашиг болоод байна.

Шалгалтын үр дүнд, юуны өмнө Төр, засгийн үйлчилгээний үнэ тарифыг төгрөгөөр илэрхийлэн тооцож байгааг өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг гаргалаа. Яам тамгын газар, төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, агентлагуудын үйлчилгээний төлбөр, элдэв хураамж, торгууль зэргийг гадаад валютаар тогтоох, гадаад валютаар төлбөр авах явдлыг өөрчлөхийн тулд (1) гадаад валютаар илэрхийлэгдсэн хуулийн заалтуудыг болон яам тус бүр өөрийн харъяаллын хүрээнд холбогдох заавар, журамд зохих өөрчлөлтийг оруулах, (2) бусад аж ахуйн нэгж, иргэд, байгууллагатай байгуулсан гэрээнд гадаад валютаар төлбөр тооцоо хийхээр заасан бол зохих өөрчлөлтийг оруулах, (3) зах зээлд монополь эрхтэй байгууллагууд, ялангуяа шатахуун импортлогч компаниуд, шатахуун борлуулах гэрээг ам.доллараар байгуулсныг төгрөгт шилжүүлэн өөрчлөх, (4) Moнгол улсад ажиллаж, амьдарч буй харъяат бус иргэдтэй хөдөлмөрийн гэрээг Монгол улсын мөнгөн тэмдэгт - төгрөгөөр байгуулж, мөрдөх шаардлагатай байна.

Арилжааны банкуудын хувьд санхүүгийн үүсмэл хэрэгсэл /своп, опцион, форвард г.м/-үүдийг өргөнөөр ашиглах чадавхийг дээшлүүлэх шаардлагатай байна. Энэ зорилгоор сургалт зохион байгуулж, банкны ажилтнуудыг өргөнөөр хамруулах хэрэгтэй гэж үзэж байна.

Орон сууцны захиалгын болон худалдах үнийн саналаа ам.доллараар илэрхийлэн төлбөр тооцоог гүйцэтгэсэн хэвээр байгаа барилгын компаниуд, сургалтын төлбөр, үйлчилгээний үнийн тарифаа гадаад валютаар тогтоосон хувийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдийн хувьд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэх саналыг Монголбанкны зүгээс тавиад байна.

Түүнээс гадна Монголбанкнаас “Бараа, ажил, үйлчилгээний үнэ, тариф, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлсэн. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд санаачлан Улсын Их Хурлын 2009 оны Хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байгаа. Уг хуулийг батлуулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх нь чухал байна.

Дээр дурьдсан арга хэмжээнүүдийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлбэл төгрөгийн ханшийн зохиомол сулралтыг сааруулж, гадаад валютыг шүтэх үзэгдэл хязгаарлагдаж, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл сэргэн, иргэдийн бодит орлогод эерэгээр нөлөөлж, улмаар үндэсний эдийн засаг, банкны салбарын богино, дунд, урт хугацааны үр ашиг нэмэгдэнэ. Нэгэнт үүсэн бий болоод буй ханшийн эрсдэл, алдагдлыг зөвхөн ард иргэдэд үүрүүлэх бус, ханшийн сулралтаас шалтгаалан ард иргэдэд учрах хохирлын бодит хэмжээг бууруулж, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалснаар нийгмийн бухимдлыг арилгах нь чухал байна.

6. Доллараар гүйлгээ хийж байсан байгууллагууд тооцох нэгжид шилжих явдал гарч байна. Энэ нь хуульд нийцэх үйл ажиллагаа мөн үү?

Доллараар гүйлгээ хийж байсан байгууллагууд тооцох нэгж гэгчийг зарлах болсон нь хуульд нийцэхгүй үйлдэл мөн.

No comments:

Post a Comment