Friday, April 24, 2009

Мобайл банк



Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Монгол улсын хэмжээнд бэлэн бус төлбөр тооцоо давамгайлсан нийгмийг бий болгох, ялангуяа бэлэн бус төлбөр тооцооны нэгэн хэлбэр болох Мобайл банкны үйлчилгээг хөгжүүлэх үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулах, санал бодлоо хуваалцахаар Банкны болон үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад зориулсан энэхүү “Мобайл банк” сэдэвт олон улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгч Та бүхэнд Монголбанкны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе. Монгол улсын эдийн засгийн зүтгүүр болсон мэдээлэл, харилцаа холбоо, банк, санхүүгийн салбарын бизнес эрхлэгчид та бүхэнтэй уулзаж, хөдөлгөөнт банкны үйлчилгээний талаар, түүний дотроос интернет, суурин утас, АТМ зэрэг хүргэлтийн суваг хүрэлцээгүй хөдөө орон нутгийн алслагдсан байршлын болон бага орлоготой иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээг хүргэх чиглэлд үүрэн телефоныг ашиглах талаарх олон улсын туршлагатай танилцах, манай улсын үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагууд энэ талаар өөрт байгаа боломжийг бусдад танилцуулах, санал бодлоо хуваалцах боломжийг олгож, бэлэн бус төлбөр тооцооны энэхүү хэлбэрийг хөгжүүлэх ажлын хүрээнд ирэх жилүүдэд баримтлах хөгжлийн бодлого, зорилт, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын асуудлаар санал бодлоо солилцох боломж гарч байгаад баяртай байна.

Өнөөдрийн бидний зөвлөгөөн бол ямар нэгэн сурталчилгааны арга хэмжээ бус мэдээлэл, харилцаа холбоо, банк, санхүүгийн салбарын бизнес эрхлэгчид та бүхэн Мобайл банкны талаар харилцан санал бодлоо чөлөөтэй солилцож, нөөц боломжийг нээх, учирч буй бэрхшээлүүдийг даван туулах арга замыг тодорхойлох, Төлбөр тооцооны үндэсний зөвлөл, түүний гишүүн байгууллагуудын зүгээс өнөө үед болон ирэх жилүүдэд хийх алхмуудыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа ажил хэргийн уулзалт, ярилцлага юм гэдгийг тодотгон дурьдахыг хүсч байна.

Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлж, бэлэн бус төлбөр тооцоо давамгайлсан нийгмийг бий болгох ажлын хүрээнд Монголбанк, Төлбөр тооцооны үндэсний зөвлөлөөс хийгдэж байгаа ажлын талаар тоймлон танилцуулах нь зүйтэй болов уу. Юуны өмнө “Монголбанкнаас баримтлах төлбөр тооцооны системийн бодлого”-н баримт бичгийг шинээр батлан гаргалаа. Монгол Улсын үндэсний төлбөр тооцооны системд Монголбанкны эзлэх байр суурь, баримтлах зарчим, хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгох үүднээс уг баримт бичгийг Олон улсын төлбөр тооцооны банкнаас гаргасан зөвлөмжийг удирдлага болгон, олон улсын төв банкуудын жишиг, туршлагыг судлан боловсруулан гаргасан билээ.
Төлбөр тооцооны үндэсний зөвлөлөөс “Монгол улсын төлбөр тооцооны системийг 2009-2014 онд хөгжүүлэх стратеги” баримт бичгийг батлан гаргалаа. Уг баримт бичигт “Бэлэн бус төлбөрийн хэрэгсэл болон төлбөр тооцооны системийн шинэ хэлбэрийг хөгжүүлэх” гэсэн заалт бүхий стратеги багтсан бөгөөд энэхүү стратеги нь хөдөө, орон нутгийн алслагдсан байршилд амьдарч байгаа, банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээг газар зүйн байршил, орлогын түвшин, цаг хугацаанаас үл хамааран хамгийн тохиромжтой хэлбэрээр хүртээл болгох зорилготой юм.
Монгол улсад Төлбөр тооцооны системийг цогцоор нь нарийвчлан зохицуулсан хууль одоогоор байхгүй бөгөөд өнөөгийн мөрдөгдөж буй “Төв банк /Монголбанк/-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”, “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль” болон “Векселийн тухай хууль”-иуд нь төлбөр тооцооны системийн хяналтыг хэрэгжүүлэхэд хангалтгүй төдийгүй бэлэн бус төлбөр тооцоо, цахим төлбөр тооцоо зэрэг асуудлууд нь эдгээр хуулиудаар бүрэн зохицуулагдаж чадахгүй байна. Тиймээс бид төлбөр тооцооны үйл ажиллагаанд оролцогч Монголбанк болон бусад банк, санхүүгийн байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн зохицуулалтыг сайжруулах үүднээс дээр дурьдсан дунд хугацааны стратегийн баримт бичигт Монгол улсын төлбөр тооцооны системийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг тусган, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ТТҮЗ-ийн III хуралдаанаар хэлэлцүүлэн баталлаа.

Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд бодит цагийн горимыг хэрэгжүүлэх “Банк сүлжээ” системийг 2009 онд нэвтрүүлэхээр зорин, уг системийн оролцогчдод сургалт явуулан, техник, програм хангамж, боловсон хүчний бэлтгэлийг ханган, “Банк хоорондын их дүнтэй төлбөр тооцооны журам”-ын төслийг боловсруулж байна.

Мөн төлбөрийн картын ашиглалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зардлыг багасгах үүднээс картын нэгдсэн сүлжээ, зохицуулалтыг бий болгох зорилгоор “Төлбөрийн картын тухай түр журам”, “Банк хоорондын төлбөрийн картын гүйлгээний журам” (Свитчийн журам)-ын төслийг боловсруулж, ТТҮЗ-ийн III хуралдаанаар хэлэлцүүлэн ТТҮЗ-ийн гишүүдээс саналыг аван батлуулахад бэлэн болголоо.

Монголбанкнаас хийсэн бэлэн бус төлбөр тооцооны судалгааны дүнгээс товч танилцуулья. Банк хоорондын төлбөр тооцооны 2002-2008 оны судалгаанаас үзэхэд банк хоорондын тооцоогоор хийгдэж буй гүйлгээний дүн, тоо жилээс жилд өсч байсан боловч 2008 онд банк хоорондын тооцоогоор 3,6 сая ширхэг, 18,5 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдсэнийг өмнөх оныхтой харьцуулахад гүйлгээний тоо 1,08%- иар буурсан байна. Энэхүү бууралт нь дэлхийн санхүүгийн хямрал манай оронд нөлөөлж, гадаад худалдааны алдагдал нэмэгдэн, зээл олголт багасч, зах зээл дэх мөнгөний хэмжээ багассан зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт удааширч, бизнесийн үйл ажиллагаа хумигдсантай холбоотой байна. 2008 оны сүүлийн хагас жилээс бага дүнтэй гүйлгээний тоо эрс багасч, их дүнтэй гүйлгээний тоо нэмэгдсэн нь бага дүнтэй гүйлгээний дундаж дүн өссөнтэй холбоотойгоос гадна санхүүгийн хямрал жижиг бизнес эрхлэгчдэд илүүтэй нөлөөлсөн байж болзошгүй юм. Харин банк хоорондын тооцоогоор хийгдэж байгаа гүйлгээний дүнг өмнөх оныхтой харьцуулахад 2008 онд 29%, 2007 онд 50.4%-иар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан ба банк хоорондын гүйлгээний дүн 2007 оны IV улиралд 83.7%-иар өссөн бол 2008 оны IV улирал дөнгөж 1.3%-ийн өсөлттэй байгаа нь дээр дурдсан дэлхийн санхүүгийн хямрал манай оронд нөлөөлсөнтэй холбоотой юм.
Картын хэрэглээний судалгааг авч үзвэл Монгол улс дахь картын төлбөр тооцооны хэрэглээ болон банкуудын картын төлбөр тооцооны үйлчилгээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Иймд төлбөр тооцоог улам шуурхай болгох, энэ төрлийн хэрэглээг хөхүүлэн дэмжих, олон нийтэд мэдээллийн хэрэгслээр дамжуулж сургалт, сурталчилгааг зохион байгуулж, соёлтой үйлчилгээг хэвшүүлэх зэрэг үр дүнтэй ажлыг нээлттэйгээр авч хэрэгжүүлэх нь чухал байна. Манай улсад карт эзэмшигчдийн тоо 2008 оны байдлаар 1,2 саяд хүрсэн бол карт идэвхтэй ашиглагчид нь зөвхөн 470.7 мянга байгаа нь картын зах зээлийн дэд бүтэц хангалттай сайн хөгжиж чадаагүйг харуулж байна. Жилд карт эзэмшигчдийн тоо 2005-2008 онд дунджаар 54%, ашиглагчдын тоо 37%-р өсч байгаа бөгөөд нийт карт эзэмшигчдийн 8.6%, нийт карт ашиглагчдын 12.6% нь хөдөө орон нутагт байна. Харин гүйлгээний тоо нь 15.0 сая ширхэгт хүрсэн бөгөөд АТМ, ПОС, ПОБ-р хийгдсэн гүйлгээний дүн 1,3 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс 112,6 сая төгрөгийн гүйлгээ залилан мэхлэх аргаар хийгдсэн бөгөөд үүний 104,7 сая төгрөг буюу 92,9 % -ийг бэлэн бус, 7,9 сая төгрөг буюу 7,1% нь бэлэн мөнгө гаргах гүйлгээ байна. Энэ нь мэдээлэл алдагдах, хуурамч карт ашиглах, давхар уншуулах зэрэг аргуудаар хийгдсэн байна. Иймд төлбөрийн картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, банкны ажилтнуудын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, картын төвийн үйл ажилллагааг 24 цагийн тасралтгүй ажиллагаанд шилжүүлэх, картаар үйлчлэгч байгууллагатай нягт хамтран ажиллах, ажилтнууд, карт эзэмшигчдийг зөв хэрэглээнд сургах зайлшгүй шаардлага гарч байна.

Макро эдийн засгийн орчин сайжирч, зах зээлийн хөгжил гүнзгийрэн, эдийн засаг өсөн дэвжихийн хэрээр төлбөр тооцооны хэмжээ нэмэгдэж, хэрэглэгчдэд ашигтай, эдийн засагт үр өгөөжтэй төлбөрийн хэрэгслүүдийг үндэсний төлбөр тооцоонд нэвтрүүлэх, түүний аюулгүй, найдвартай байдлыг баталгаажуулах, учирч болох эрсдлүүдийг зөв, цаг тухайд нь тооцож, иргэдийн боловсролыг дээшлүүлэх үүднээс энэ талаарх ойлголтыг ил тод мэдээлэн хүргэхэд бидний оролцоо, нэгдмэл бодлого, хүч чармайлт чухал гэдгийг цохон тэмдэглэе.

Дэлхий дахинаа бэлэн мөнгийг бага хэрэглэдэг нийгмийг бүрдүүлэх асуудал нь бидний анхаарлын төвд байсаар ирсэн. Техник, технологийн хурдацтай хөгжил, санхүүгийн зах зээлийн хөгжлийн давуу талд суурилсан төлбөр тооцооны шинэ хэлбэрүүд сүүлийн жилүүдэд бидний танил болж, нийтийн хэрэглээ болон хөгжиж ирсэн. Олон улсын төлбөр тооцооны банк нь 1996 оноос эхлэн цахим төлбөр тооцооны хөгжлийн судалгааг дэлхийн олон орнуудын Төв банкуудтай хамтран хийж эхэлсэн билээ. Интернет болон интернет-худалдааны хурдацтай хөгжил нь тэдгээрийг ашиглан шинэ дэвшилтэт төлбөрийн механизмыг бий болгоход дөхөм болж байв. Үүнтэй адил үүрэн телефоны ашиглалт нэмэгдэхийн сацуу банк, санхүүгийн байгууллагууд харилцагчиддаа сүлжээгээр нь дамжуулан шинэ төлбөрийн хэрэгслийг нэмэгдүүлэх сонирхол түгээд байна. Эхлээд 1960, 70-аад онуудад дебит, кредит хуванцар картыг ашигласнаар бэлэн мөнгийг орлох хэрэгсэл болгосон. Харин 1980, 90-ээд оноос чип карт болон цахим төлбөр тооцоог ашиглалтад оруулснаар бэлэн мөнгөний хэрэглээ дэлхийд эрс буурсны сацуу 2000 оноос Мобайл банкны буюу хөдөлгөөнт банкны үйлчилгээ хурдацтай тархах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд төлбөр тооцоо хийхэд ихэвчлэн үнийн дүнгийн хязгаартай байдаг байна.

Олон улсын туршлагаас харахад хөдөлгөөнт банкны үйлчилгээ нь ихэвчлэн тухайн улсын нийт оршин суугчдын дийлэнх нь алслагдсан хөдөө орон нутагт байршдаг орнуудад түгээмэл хөгжиж ирсэн байна. Тухайлбал Судан, Гана болон Өмнөд Африкийн орнуудад тус үйлчилгээ маш хурдацтай дэлгэрчээ. Харин Латин Америкийн орнууд болох Уругвай, Парагвай, Аргентин, Бразил, Вэнэсуэль, Колумб болон сүүлийн жилүүдэд Мексик зэрэг орнууд нь уг үйлчилгээг амжилттай нэвтрүүлж эхлээд байна. Мөн хөдөлгөөнт холбооны компани болох “ЗЕЙН” олон улсын корпорац нь Кени болон бусад Африкийн орнуудад Мобайл мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2009 оноос нэвтрүүлжээ.

2008 онд хийгдсэн “Мобайл банкны хэрэглээ дэлхийд” гэсэн судалгаанаас үзэхэд уг судалгаанд хамрагдсан банкуудын 34 хувь нь харилцагчиддаа уг үйлчилгээг санал болгож нэвтрүүлэн, 32 хувь нь ирэх 1-2 жилийн хугацаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байв. Уг судалгаанаас үзэхэд Хойд америкийн орнуудаас бусад улсуудад мобайл банкны үйлчилгээ нь өдөр ирэх тутамд бодит хэрэглээ болон хөгжсөөр иржээ.

Өнөөгийн нөхцөлд Мобайл банкны үйлчилгээ нь өвөрмөц шийдэл болоод байна, түүнийг хүртэж байгаа харилцагч нь өөрийн дансыг гартаа бариад явж байгаа юм. Уг үйлчилгээний зарим давуу талуудыг дурьдвал мэдээж ая тухтай байдал, энэ нь юуг хэлж байна вэ гэвэл: үүрэн телефон буюу гар утас эзэмшигч Монгол хүн бүр банкны үйлчилгээ авах боломжтой болно. Харилцагч нь ямарваа нэгэн банкны салбарт биеэр очиж төлбөр хийх бус хаана байгаа газраасаа ямарваа нэгэн төлбөрийг гүйцэтгэх боломжийг олгож байна. Дараагийн давуу тал бол банкны үйлчилгээ авах боломжгүй алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд банкны үйлчилгээг хүртээл болгож байгаа явдал юм. Иймээс банк, санхүүгийн байгууллагууд болон үүрэн телефоны операторууд та бүхний энэхүү үйлчилгээг эхлүүлэн тавьсан ажилд Монголбанкны зүгээс дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчинг баталгаажуулж, дүрэм журмыг нээлттэй, ил тод байлгах бодлогыг хэрэгжүүлэхийг зорино. Харин Мобайл банкны үйлчилгээ нь харилцагч банкны данс руу шууд нэвтэрч орох боломжийг олгож байгаа тул маш өндөр түвшний хамгаалалт болон мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангасан байх ёстойг та бүхэнд анхааруулахад илүүдэхгүй биз ээ. Мөн энэхүү үйлчилгээ нь манай улсад шинэлэг, анхан шатандаа явж байгаа тул ялангуяа банкууд, техникийн операторууд маш найдвартай, олон улсын стандартыг хангасан техник, тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглах шаардлагатай юм. Ингэснээрээ бид урьд өмнө бусад орнуудад гарч байсан алдаанаас урьдчилан сэргийлж, дахин давтахгүй байх боломжийг бүрдүүлж чадна. Түүнчлэн Мобайл банкны үйлчилгээг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдлээс сэргийлэх, “Харилцагчаа танин мэдэх” зарчмыг хэрэгжүүлэх ажлыг анхаарлын гадна орхиж болохгүй билээ.

Банкны системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас хол хөндий байлгах зорилгоор Монгол улсад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдан тодорхой хугацаа өнгөрлөө. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнд татагдан оролцохоос сэргийлэх зорилгоор банк, санхүүгийн систем нь харилцагч, үйлчлүүлэгчдээ илүү сайн таних, мэдэх шаардлагатай болсон. Мобайл банк, интернет банк гэх мэт харилцагч нь биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй банкны бусад үйлчилгээний төрөл нь дээрх шаардлагыг хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг бөгөөд тэдгээрийг энэ гэмт хэргийн зорилгоор ашиглах эрсдэл илүү өндөр байдаг. Банк, санхүүгийн систем мобайл банкны үйлчилгээ үзүүлэхдээ онцгой хянамгай, болгоомжтой хандах ёстой. Иймээс бид өнөөдрийн зөвлөгөөнд энэ сэдвээр илтгэл оруулсан байгаа.
Мобайл банкны үйлчилгээний эрчимтэй хөгжлийг дагаад түүнээс үүдэх үйл ажиллагааны эрсдлүүд мөн адил даган нэмэгдэж байна. Энэ эрсдлүүдээс зарим нэгийг онцолвол:
Их Британы судлаачид нэгэн сонирхолтой судалгааг гаргасан байна. Бүх гар утасны хэрэглэгчдийн 16% нь банк болон дансны тухай, 10% нь кредит картныхаа, 11% нь нийгмийн аюулгүй байдлын тухай мэдээллийг гар утсандаа хадгалж байна. Мөн түүнчлэн бизнес болон түүнтэй холбоотой ажил эрхлэгчдийн хувьд авч үзэхэд 77% нь өөрсдийн ажил үүрэгтэй холбоотой мэдээллүүдийг, 23% нь өөрсдийн хамтран ажилладаг хүмүүсийн мэдээллийг хадгалдаг гэсэн судалгаа гаргажээ. Үүнээс үзэхэд гар утсаа алдсан тохиолдолд бүх мэдээллээ алдах эрсдэлтэй байна. Мобайл банкны хувьд уг эрсдэл адилхан үүсэх магадлалтай юм.
Дараагийн нэг учирч болох эрсдэл нь: Сүүлийн үед өргөн тархаж буй хортой код буюу вирусны хор хөнөөл юм. Эдгээр вируснууд нь гар утасны найдвартай ажиллах зарчмыг алдагдуулаад зогсохгүй, мэдээлэл алдагдах, устгах, хэрэглэгчдийн хүсээгүй үйлдлийг хийх зэрэг маш олон эрсдлйиг дагуулдаг байна.
Мобайл банкны үйлчилгээнд гарч болох дараагийн эрсдэл нь: Хэрэглэгчийг хуурч мэхлэх замаар дансны болон банкны мэдээллийг хулгайлах явдал юм. Жишээлбэл зарим төрлийн цахим хуудас руу ороход таны хэрэглэгчийн нэр болон нууц үгийг хүсэх бөгөөд энэ үед гадны ямар нэг технологи ашиглан таны хэрэглэгчийн нэр, нууц үгийг мэдэж болно.
Мөн гар утасны сүлжээг ашиглаж байх үед замаас нь таны хэрэглэгчийн нэр, нууц үгийг мэдэх боломжтой. Иймд хэрэглэгчид өөрсдөө ухамсарлан, өөрийн хувийн соёлыг баримтлан гар утсыг зөв ашиглах нь чухал болоод байна. Дээрх эрсдлүүдээс хамгаалахын тулд:
- Гар утсыг найдвартай нууц үгээр хамгаалах,
- Гар утсаа алдагдах эрсдлийг багасгах,
- Өөрийн шаардлагатай мэдээллүүд болох дансны дугаар, хэрэглэгчийн нэр, нууц үг гэх мэт мэдээллүүдийг өөр хэн нэгэн хүн рүү электрон шуудан болон гар утасны захиагаар (SMS) явуулахгүй байх. Хэрэв зайлшгүй явуулах шаардлагатай бол тусгай мэдээлэл хөрвүүлэгч ашиглах (Encryption),
- Гар утсанд онц чухал шаардлагатай мэдээллүүдийг хадгалахгүй байх,
- Гар утаснаас дуу, зураг, видео клип гэх мэт мэдээллүүдийг татаж авахдаа зөвхөн баталгаатай зөвшөөрөгдсөн цахим хуудаснуудаас авч байх шаардлагатай. Учир нь зарим нэг зөвшөөрөгдөөгүй цахим хуудас руу хандсанаас вирус болон бусад эрсдлүүдтэй учрах магадлалтай байдаг.
- Гар утсандаа вирусны эсрэг үйлчилгээ үзүүлэх програм хангамж болон цахим хуудаснаас хамгаалах firewall буюу галт ханыг ашиглах зэрэг наад захын хамгаалалтуудыг ашиглах зайлшгүй шаардлагатай юм.
Манай улсын хувьд шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийн ач тус, хувийн хэвшлийнхний хичээл зүтгэл, хувь нэмэр, Дэлхийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр манай орны бүхий л сум, суурин газрууд үүрэн телефон утасны сүлжээнд бүрэн хамрагдаад байна.

Мэдээлэл холбооны шинэ технологийг хөгжүүлэх, “Мэдээлэлжсэн нийгэм” байгуулах Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үзэхэд гадаад орнуудын санхүүгийн дэмжлэг туслалцаатайгаар харилцаа холбооны салбарын технологи шинэчлэгдэж, гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцдаг болжээ. 1,000 хүнд ногдох суурин телефон цэгийн тоо 1990 онд 30.8 байсан бол 2008 онд 66.6 болж өсч, 1,000 хүнд ногдох үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2000 онд 31.2 байсан бол 2008 онд 657.0 болжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хүн амын 65,7% нь гар утастай байна.

Дашрамд дурьдахад Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбарт гарч байгаа хөгжил дэвшлийг Европын сэргээн босголт хөгжлийн банк өндрөөр үнэлсэн байна. Тус банк нь нь 2008 оны 5 дугаар сараас эхлэн зах зээлийн эдийн засагт шилжиж буй Зүүн Европ, Төв Азийн нийт 29 улс, орнуудын мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөөн, зохицуулалтын орчин болон суурин, хөдөлгөөнт холбоо, интернэт, өргөн зурвасын үйлчилгээ, хэрэглээний нэвтрэлтийн түвшин, нягтрал, харилцан холболтын үнэ тарифын зэрэг шалгуур, үзүүлэлтээр харьцуулсан судалгаа хийж дүгнэлт хийсэн байна. Дээрхи шалгуураар судалгаа явуулахад Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт өрсөлдөөн сайтай, зах зээл, зохицуулалтын таатай орчин бүрдсэн гэж дүгнэсэн байна. Энэхүү салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай орнуудын жагсаалтын III байранд Монгол Улс орсон бөгөөд ОХУ, Украйн, Казахстан зэрэг хөрш орнуудаа аль хэдийнээ ардаа хаяж ийнхүү дээгүүр байр эзэлсэн нь Монголын харилцаа холбооны салбар хурдацтай хөгжиж байгааг илтгэж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны салбар ийм өндөр түвшинд хөгжсөний ачаар, цаг хугацаатай уралдан ажил албаа амжуулах гэсэн хэн бүхнийг замын түгжрэл, үйлчлэгч байгууллагын ажлын ачаалал, дараалал гээд олон зүйл бухимдуулдаг ч энэ бүхнээс үл хамааран банк санхүүгийн үйлчилгээг хүссэн үедээ авах шинэ боломж бидний өмнө хэдийнээ нээгдсэн байна. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарах энэхүү үйлчилгээ нь дансны үлдэгдэл шалгах, данс хооронд гүйлгээ хийх, төлбөр тооцоо гүйцэтгэх, гүйлгээний хуулга авах, сар бүрийн байрны мөнгөө төлөх зэрэг ажлаар банк руу очиж хугацаа алддаг асуудлуудыг үгүй болгож, гар утсаараа хэдхэн хормын дотор энэ бүх асуудлыг шийдэх боломжийг олгож байна.

Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд банк, түүний салбар нэгж 1080-д хүрч байгаагаас 825 нь орон нутагт, нийт 2,4 сая харилцагч байгаагаас 949 мянга нь хөдөөд, 517 мянган зээлдэгч байгаагийн 394 мянга нь тус тус хөдөө орон нутагт байна. Харин хүн амын хувьд 2,7 сая байгаагийн 60.4% буюу 1,6 сая нь хөдөөд суурьшиж байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад мобайл банкны үйлчилгээг 6 банк нэвтрүүлж эхлэн, уг үйлчилгээнд 17,595 харилцагч хамрагдан, дансны үлдэгдэл шалгах, хуулга үзэх, валютын ханшийн мэдээлэл авах, банк доторхи төлбөр тооцоо хийх үйлчилгээг авч байгаа хэдий ч энэхүү үйлчилгээг авч байгаа иргэдийн тоон үзүүлэлт маш цөөхөн байгаа нь ашиглалт хангалтгүй байгааг илэрхийлж байна. Иймд зөвхөн банкууд, үүрэн телефоны операторуудаас гадна тодорхой шалгуурыг хангасан, хөдөө орон нутагт салбартай, борлуулалтын өргөн сүлжээтэй аж ахуйн нэгжүүд ч хувь нэмрээ оруулж, уг үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх зорилгоор хамрагдах боломжтой юм.

Банкны үйлчилгээг түргэн шуурхай авах хүсэлтэй харилцагчдынхаа эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан банк санхүүгийн салбарт тэргүүлж байгаа Монголын зарим банкууд үүрэн телефоны операторуудтай хамтран Мобайл банкны үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхлээд байна.

Хөдөлгөөнт банкны үйлчилгээ, ялангуяа үүрэн телефоныг ашиглан төлбөр тооцоог гүйцэтгэх үйлчилгээ нь манай улсын хувьд шинэлэг учир уг үйлчилгээний хууль эрх зүйн орчин дутмаг байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид та бүхний оролцоотойгоор өнөөдрийн зөвлөгөөнөөс гарах зөвлөмж нь уг зохицуулалтын үндэс болно гэж Монголбанк үзэж байна.
Иймд тус зөвлөгөөнд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалахын ялдамд, Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоо давамгайлсан нийгмийг цогцлон байгуулах, хөдөө орон нутгийн алслагдсан байршилд амьдарч байгаа, банкны үйлчилгээнд хамрагдах боломжгүй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээг хүргэх үндэсний хэмжээний ач холбогдол бүхий энэхүү үйл ажиллагаанд амжилт хүсч байгаагаа илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

No comments:

Post a Comment