Monday, April 27, 2009

Банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас хамааралгүй авах боломж манай улсад хэдийнэ бүрдсэн

- Монголбанк Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Мобайл” банк сэдэвт олон улсын зөвлөгөөнийг саяхан зохион байгуулсан. Уг зөвлөгөөний зорилго юунд орших вэ?
- Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлж, бэлэн бус төлбөр тооцоо давамгайлсан нийгмийг бий болгох ажлын хүрээнд Монголбанк, Төлбөр тооцооны үндэсний зөвлөлөөс ямар ажлууд хийгдэж байна вэ?
- Манай карт эзэмшигчдын тоо өдрөөс өдөрт ихсэж байна. Өнөөдрийн байдлаар картаар хийгдэж буй гүйлгээ нийт гүйлгээнд хэдэн хувь эзлэх вэ?
- Мобайл банкны үйлчилгээ дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй хөгжиж байна. Монголчууд бидний хувьд энэ үйлчилгээний давуу тал юу вэ?
- Банкны системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас хол хөндий байлгах зорилгоор Монгол улсад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдан тодорхой хугацаа өнгөрлөө. Шинэ үйлчилгээний хувьд энэ хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй биш гэж үү?
- Мобайл банкны үйлчилгээг нэвтрүүлэхэд техникийн хувьд боломжтой юу?
- Мэдээлэл, харилцаа холбооны салбар ийм өндөр түвшинд хөгжсөний ачаар, цаг хугацаатай уралдан ажил албаа амжуулах гэсэн хэн бүхнийг замын түгжрэл, үйлчлэгч байгууллагын ажлын ачаалал, дараалал гээд олон зүйл бухимдуулдаг ч энэ бүхнээс үл хамааран банк санхүүгийн үйлчилгээг хүссэн үедээ авах шинэ боломж манай оронд хэдийнэ бүрджээ гэж ойлгож болох уу?

- Монголбанк Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Мобайл” банк сэдэвт олон улсын зөвлөгөөнийг саяхан зохион байгуулсан. Уг зөвлөгөөний зорилго юунд орших вэ?
- Мэдээлэл, харилцаа холбоо, банк, санхүүгийн салбарын бизнес эрхлэгчид уулзаж, хөдөлгөөнт банкны үйлчилгээний талаар, түүний дотроос интернет, суурин утас, АТМ зэрэг хүргэлтийн суваг хүрэлцээгүй хөдөө орон нутагт алслагдмал амьдарч байгаа, бага орлоготой иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээг хүргэх чиглэлд үүрэн телефоныг ашиглах талаарх олон улсын туршлагатай танилцах, манай улсын үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компаниуд, банк, санхүүгийн байгууллагууд энэ талаар өөрт байгаа боломжийг бусдад танилцуулах, санал бодлоо хуваалцах, бэлэн бус төлбөр тооцооны энэхүү хэлбэрийг хөгжүүлэх ажлын хүрээнд ирэх жилүүдэд баримтлах хөгжлийн бодлого, зорилт, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох зорилготой.

- Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлж, бэлэн бус төлбөр тооцоо давамгайлсан нийгмийг бий болгох ажлын хүрээнд Монголбанк, Төлбөр тооцооны үндэсний зөвлөлөөс ямар ажлууд хийгдэж байна вэ?
- Юуны өмнө “Монголбанкнаас баримтлах төлбөр тооцооны системийн бодлого”-н баримт бичгийг шинээр батлан гаргалаа. Монгол Улсын үндэсний төлбөр тооцооны системд Монголбанкны эзлэх байр суурь, баримтлах зарчим, хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгох үүднээс уг баримт бичгийг Олон улсын төлбөр тооцооны банкнаас гаргасан зөвлөмжийг удирдлага болгон, олон улсын төв банкуудын жишиг, туршлагыг судлан боловсруулан гаргасан.
Төлбөр тооцооны үндэсний зөвлөлөөс батлан гаргасан “Монгол улсын төлбөр тооцооны системийг 2009-2014 онд хөгжүүлэх стратеги” баримт бичигт “Бэлэн бус төлбөрийн хэрэгсэл болон төлбөр тооцооны системийн шинэ хэлбэрийг хөгжүүлэх” гэсэн заалт бүхий стратеги багтсан бөгөөд энэ нь хөдөө, орон нутгийн алслагдсан байршилд амьдарч байгаа, банкны үйлчилгээ авах боломжгүй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээг газар зүйн байршил, орлогын түвшин, цаг хугацаанаас үл хамааран хамгийн тохиромжтой хэлбэрээр хүртээл болгох зорилготой юм.
Монгол улсад Төлбөр тооцооны системийг цогцоор нь нарийвчлан зохицуулсан хууль эрх зүйн акт одоогоор байхгүй. Тиймээс бид төлбөр тооцооны үйл ажиллагаанд оролцогч Монголбанк болон бусад банк, санхүүгийн байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн зохицуулалтыг сайжруулах үүднээс дээр дурьдсан дунд хугацааны стратегийн баримт бичигт Монгол Улсын төлбөр тооцооны системийн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтыг тусган, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
Банк хоорондын их дүнтэй гүйлгээний төлбөр тооцоонд бодит цагийн горимыг хэрэгжүүлэх “Банк сүлжээ” системийг 2009 онд нэвтрүүлэхээр зорин, уг системийн оролцогчдод сургалт явуулан, техник, програм хангамж, боловсон хүчний бэлтгэлийг ханган, “Банк хоорондын их дүнтэй төлбөр тооцооны журам”-ын төслийг боловсруулж, нэвтрүүлэхэд бэлэн болголоо.

- Манай карт эзэмшигчдын тоо өдрөөс өдөрт ихсэж байна. Өнөөдрийн байдлаар картаар хийгдэж буй гүйлгээ нийт гүйлгээнд хэдэн хувь эзлэх вэ?
- 2008 оны сүүлийн хагас жилээс бага дүнтэй гүйлгээний тоо эрс багасч, их дүнтэй гүйлгээний тоо нэмэгдсэн нь бага дүнтэй гүйлгээний дундаж дүн өссөнтэй холбоотойгоос гадна санхүүгийн хямрал жижиг бизнес эрхлэгчдэд илүүтэй нөлөөлсөн байж болзошгүй. Харин банк хоорондын тооцоогоор хийгдэж байгаа гүйлгээний дүнг өмнөх оныхтой харьцуулахад 2008 онд 29%, 2007 онд 50.4%-иар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан ба банк хоорондын гүйлгээний дүн 2007 оны IV улиралд 83.7%-иар өссөн бол 2008 оны IV улирал дөнгөж 1.3%-ийн өсөлттэй байгаа нь дээр дурдсан дэлхийн санхүүгийн хямрал манай оронд нөлөөлсөнтэй холбоотой.
Манай улсад карт эзэмшигчдийн тоо 2008 оны байдлаар 1,2 саяд хүрсэн бол карт идэвхтэй ашиглагчид нь зөвхөн 470.7 мянга байгаа нь картын зах зээлийн дэд бүтэц хангалттай сайн хөгжиж чадаагүйг харуулж байна. Жилд карт эзэмшигчдийн тоо 2005-2008 онд дунджаар 54%, ашиглагчдын тоо 37%-р өсч байгаа бөгөөд нийт карт эзэмшигчдийн 8.6%, нийт карт ашиглагчдын 12.6% нь хөдөө орон нутагт байна. Харин картын гүйлгээний тоо 15.0 сая ширхэгт хүрсэн бөгөөд АТМ, ПОС, ПОБ-р хийгдсэн гүйлгээний дүн 1,3 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс 112,6 сая төгрөгийн гүйлгээ залилан мэхлэх аргаар хийгдсэн. Үүний 92,9 % -ийг бэлэн бус, 7,1% нь бэлэн мөнгө гаргах гүйлгээ эзэлж байна. Энэ нь мэдээлэл алдагдах, хуурамч карт ашиглах, давхар уншуулах зэрэг аргуудаар хийгдсэн. Иймд төлбөрийн картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, банкны ажилтнуудын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, картын төвийн үйл ажилллагааг 24 цагийн тасралтгүй ажиллагаанд шилжүүлэх, картаар үйлчлэгч байгууллагатай нягт хамтран ажиллах, ажилтнууд, карт эзэмшигчдийг зөв хэрэглээнд сургах зайлшгүй шаардлага гарч байна.

- Мобайл банкны үйлчилгээ дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй хөгжиж байна. Монголчууд бидний хувьд энэ үйлчилгээний давуу тал юу вэ?
- Дэлхий дахинаа бэлэн мөнгийг бага хэрэглэдэг нийгмийг бүрдүүлэх асуудал нь анхаарлын төвд байсаар ирсэн. Техник, технологийн хурдацтай хөгжил, санхүүгийн зах зээлийн хөгжлийн давуу талд суурилсан төлбөр тооцооны шинэ хэлбэрүүд сүүлийн жилүүдэд бидний танил болж, нийтийн хэрэглээ болон хөгжиж ирсэн.
Олон улсын туршлагаас харахад хөдөлгөөнт банкны үйлчилгээ нь ихэвчлэн тухайн улсын нийт оршин суугчдын дийлэнх нь алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг орнуудад түгээмэл хөгжиж ирсэн байна. Тухайлбал Судан, Гана болон Өмнөд Африкийн орнуудад тус үйлчилгээ маш хурдацтай дэлгэрчээ. Харин Латин Америкийн орнууд болох Уругвай, Парагвай, Аргентин, Бразил, Вэнэсуэль, Колумб болон сүүлийн жилүүдэд Мексик зэрэг орнууд нь уг үйлчилгээг амжилттай нэвтрүүлж эхлээд байна. Мөн хөдөлгөөнт холбооны компани болох “ЗЕЙН” олон улсын корпорац нь Кени болон бусад Африкийн орнуудад Мобайл мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2009 оноос нэвтрүүлжээ.
Өнөөгийн нөхцөлд Мобайл банкны үйлчилгээ нь өвөрмөц шийдэл болоод байна, түүнийг хүртэж байгаа харилцагч нь өөрийн дансыг гартаа бариад явж байгаа юм. Уг үйлчилгээний зарим давуу талуудыг дурьдвал мэдээж ая тухтай байдал, энэ нь юуг хэлж байна вэ гэвэл: үүрэн телефон буюу гар утас эзэмшигч Монгол хүн бүр банкны үйлчилгээ авах боломжтой болно. Харилцагч нь ямарваа нэгэн банкны салбарт биеэр очиж төлбөр хийх бус хаана байгаа газраасаа ямарваа нэгэн төлбөрийг гүйцэтгэх боломжийг олгож байна. Дараагийн давуу тал бол банкны үйлчилгээ авах боломжгүй алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд банкны үйлчилгээг хүртээл болгож байгаа явдал юм.
Энэхүү үйлчилгээ нь манай улсад шинэлэг, анхан шатандаа явж байгаа тул ялангуяа банкууд, техникийн операторууд маш найдвартай, олон улсын стандартыг хангасан техник, тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглах шаардлагатай юм. Ингэснээрээ бид урьд өмнө бусад орнуудад гарч байсан алдаанаас урьдчилан сэргийлж, дахин давтахгүй байх боломжийг бүрдүүлж чадна. Түүнчлэн Мобайл банкны үйлчилгээг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдлээс сэргийлэх, “Харилцагчаа танин мэдэх” зарчмыг хэрэгжүүлэх ажлыг анхаарлын гадна орхиж болохгүй билээ.

- Банкны системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас хол хөндий байлгах зорилгоор Монгол улсад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдан тодорхой хугацаа өнгөрлөө. Шинэ үйлчилгээний хувьд энэ хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй биш гэж үү?
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнд татагдан оролцохоос сэргийлэх зорилгоор банк, санхүүгийн систем нь харилцагч, үйлчлүүлэгчдээ илүү сайн таних, мэдэх шаардлагатай болсон. Мобайл банк, интернет банк гэх мэт харилцагч нь биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй банкны бусад үйлчилгээний төрөл нь дээрх шаардлагыг хангахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг бөгөөд тэдгээрийг энэ гэмт хэргийн зорилгоор ашиглах эрсдэл илүү өндөр байдаг. Банк, санхүүгийн систем мобайл банкны үйлчилгээ үзүүлэхдээ онцгой хянамгай, болгоомжтой хандах ёстой.
Мобайл банкны үйлчилгээний эрчимтэй хөгжлийг дагаад түүнээс үүдэх үйл ажиллагааны эрсдлүүд мөн адил даган нэмэгдэж байна. Энэ эрсдлүүдээс зарим нэгийг онцолвол:
Их Британы судлаачид нэгэн сонирхолтой судалгааг гаргасан байна. Бүх гар утасны хэрэглэгчдийн 16% нь банк болон дансны тухай, 10% нь кредит картныхаа, 11% нь нийгмийн аюулгүй байдлын тухай мэдээллийг гар утсандаа хадгалж байна. Мөн түүнчлэн бизнес болон түүнтэй холбоотой ажил эрхлэгчдийн хувьд авч үзэхэд 77% нь өөрсдийн ажил үүрэгтэй холбоотой мэдээллүүдийг, 23% нь өөрсдийн хамтран ажилладаг хүмүүсийн мэдээллийг хадгалдаг гэсэн судалгаа гаргажээ. Үүнээс үзэхэд гар утсаа алдсан тохиолдолд бүх мэдээллээ алдах эрсдэлтэй байна. Мобайл банкны хувьд уг эрсдэл адилхан үүсэх магадлалтай юм.
Дараагийн нэг учирч болох эрсдэл нь: Сүүлийн үед өргөн тархаж буй хортой код буюу вирусны хор хөнөөл юм. Эдгээр вируснууд нь гар утасны найдвартай ажиллах зарчмыг алдагдуулаад зогсохгүй, мэдээлэл алдагдах, устгах, хэрэглэгчдийн хүсээгүй үйлдлийг хийх зэрэг маш олон эрсдлйиг дагуулдаг байна.
Мөн гар утасны сүлжээг ашиглаж байх үед замаас нь таны хэрэглэгчийн нэр, нууц үгийг мэдэх боломжтой. Иймд хэрэглэгчид өөрсдөө ухамсарлан, өөрийн хувийн соёлыг баримтлан гар утсыг зөв ашиглах нь чухал болоод байна.

- Мобайл банкны үйлчилгээг нэвтрүүлэхэд техникийн хувьд боломжтой юу?
- Манай улсын хувьд шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийн ач тус, хувийн хэвшлийнхний хичээл зүтгэл, хувь нэмэр, Дэлхийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр манай орны бүхий л сум, суурин газрууд үүрэн телефон утасны сүлжээнд бүрэн хамрагдаад байна.
Мэдээлэл холбооны шинэ технологийг хөгжүүлэх, “Мэдээлэлжсэн нийгэм” байгуулах Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үзэхэд гадаад орнуудын санхүүгийн дэмжлэг туслалцаатайгаар харилцаа холбооны салбарын технологи шинэчлэгдэж, гадаад ертөнцтэй чөлөөтэй харилцдаг болжээ. 1,000 хүнд ногдох суурин телефон цэгийн тоо 1990 онд 30.8 байсан бол 2008 онд 66.6 болж өсч, 1,000 хүнд ногдох үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2000 онд 31.2 байсан бол 2008 онд 657.0 болжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хүн амын 65,7% нь гар утастай байна.
Дашрамд дурьдахад Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны салбарт гарч байгаа хөгжил дэвшлийг Европын сэргээн босголт хөгжлийн банк өндрөөр үнэлсэн байна. Тус банк нь нь 2008 оны 5 дугаар сараас эхлэн зах зээлийн эдийн засагт шилжиж буй Зүүн Европ, Төв Азийн нийт 29 улс, орнуудын мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөөн, зохицуулалтын орчин болон суурин, хөдөлгөөнт холбоо, интернэт, өргөн зурвасын үйлчилгээ, хэрэглээний нэвтрэлтийн түвшин, нягтрал, харилцан холболтын үнэ тарифын зэрэг шалгуур, үзүүлэлтээр харьцуулсан судалгаа хийж дүгнэлт хийсэн байна. Дээрхи шалгуураар судалгаа явуулахад Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт өрсөлдөөн сайтай, зах зээл, зохицуулалтын таатай орчин бүрдсэн гэж дүгнэсэн байна. Энэхүү салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай орнуудын жагсаалтын III байранд Монгол Улс орсон бөгөөд ОХУ, Украйн, Казахстан зэрэг хөрш орнуудаа аль хэдийнээ ардаа хаяж ийнхүү дээгүүр байр эзэлсэн нь Монголын харилцаа холбооны салбар хурдацтай хөгжиж байгааг илтгэж байна.

- Мэдээлэл, харилцаа холбооны салбар ийм өндөр түвшинд хөгжсөний ачаар, цаг хугацаатай уралдан ажил албаа амжуулах гэсэн хэн бүхнийг замын түгжрэл, үйлчлэгч байгууллагын ажлын ачаалал, дараалал гээд олон зүйл бухимдуулдаг ч энэ бүхнээс үл хамааран банк санхүүгийн үйлчилгээг хүссэн үедээ авах шинэ боломж манай оронд хэдийнэ бүрджээ гэж ойлгож болох уу?
- Орон зай, цаг хугацаанаас үл хамаарах энэхүү үйлчилгээ нь дансны үлдэгдэл шалгах, данс хооронд гүйлгээ хийх, төлбөр тооцоо гүйцэтгэх, гүйлгээний хуулга авах, сар бүрийн байрны мөнгөө төлөх зэрэг ажлаар банк руу очиж хугацаа алддаг асуудлуудыг үгүй болгож, гар утсаараа хэдхэн хормын дотор энэ бүх асуудлыг шийдэх боломжийг олгож байна.
Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд банк, түүний салбар нэгж 1080-д хүрч байгаагаас 825 нь орон нутагт, нийт 2,4 сая харилцагч байгаагаас 949 мянга нь хөдөөд, 517 мянган зээлдэгч байгаагийн 394 мянга нь тус тус хөдөө орон нутагт байна. Харин хүн амын хувьд 2,7 сая байгаагийн 60.4% буюу 1,6 сая нь хөдөөд суурьшиж байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад мобайл банкны үйлчилгээг 6 банк нэвтрүүлж эхлэн, уг үйлчилгээнд 17,595 харилцагч хамрагдан, дансны үлдэгдэл шалгах, хуулга үзэх, валютын ханшийн мэдээлэл авах, банк доторхи төлбөр тооцоо хийх үйлчилгээг авч байгаа хэдий ч энэхүү үйлчилгээг авч байгаа иргэдийн тоон үзүүлэлт маш цөөхөн байгаа нь ашиглалт хангалтгүй байгааг илэрхийлж байна.
Банкны үйлчилгээг түргэн шуурхай авах хүсэлтэй харилцагчдынхаа эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан банк санхүүгийн салбарт тэргүүлж байгаа Монголын зарим банкууд үүрэн телефоны операторуудтай хамтран Мобайл банкны үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхлээд байна.

No comments:

Post a Comment