Friday, March 13, 2009

Монгол улсын төлбөр тооцооны системийн өнөөгийн байдал, цаашдын зорилт



(Банкны системийн төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэл
мэдээллийн технологийн ажилтнуудын зөвлөлгөөнд зориулав)

Төлбөр тооцооны системийн үндсэн зорилго нь эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах, нийт эдийн засаг болон санхүүгийн салбарт хийгдэж буй төлбөр тооцоог тасралтгүй, найдвартай, шуурхай гүйцэтгэх явдал тул түүнийг эдийн засаг дахь хурдны зам гэж үздэг.
1980-аад оны дунд үеэс эхлэн дэлхий дахинд төлбөр тооцооны системд тавих анхаарал илүүтэйгээр нэмэгдэх болсон. Зах зээлийн хөгжлийн хандлага, технологийн дэвшлийг дагаад хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага өөрчлөгдсөн нь төлбөр тооцооны системд бэлэн бус төлбөрийн шинэ хэрэгслүүдийг бий болгож, төлбөр тооцоог түргэн шуурхай үр өгөөжтэй гүйцэтгэх боломж бүхий шинэ системүүдийг нэвтрүүлэхэд хүргэсэн.

Монгол дахь төлбөр тооцооны системийн өнөөгийн байдал
Манай орны хувьд төлбөр тооцооны системд биет төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн баримтыг өгч, авалцах хэлбэрээр гүйцэтгэж байсан гар ажиллагааг халж, автоматжуулан цахим клирингийн тооцоог нэвтрүүлснээс хойш арав гаруй жил өнгөрч байна. Цахим клирингийн системийг бий болгосноор төлбөр тооцоо нэг сар хүртэл хугацаагаар саатдаг хүндрэлийг арилгаж, төлбөр тооцоог Улаанбаатар хотод хоногт хоёр удаа, орон нутаг дамжсан төлбөр тооцоог 1-3 хоногт гүйцэтгэх болсон нь банкуудын бэлэн мөнгөний урсгалыг үнэн зөв тооцох, активын удирдлагыг хянах боломжтой болсон. 2004 оноос төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог нэвтрүүлж, 2006 оны 3-р сард Монголбанкны дэргэд Төлбөр тооцооны төвийг байгуулсан.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад их, бага дүнтэй төлбөр тооцооны системээр дамжуулан банк хооронд бүх төрлийн төлбөр тооцоог гүйцэтгэж байна. Ийм системийг бий болгосноор төлбөр тооцоог улам бүр хялбар, шуурхай, найдвартай хэлбэрээр харилцагчдад хүргэх, олон улсын стандартад нийцүүлэх, улмаар төлбөр тооцооны эрсдлийг бууруулахад тус дөхөм болсон. Нэг сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг банк хоорондын бага дүнтэй гүйлгээнд тооцож Монголбанкны Төлбөр тооцооны төвөөр /ТТТ/ дамжуулан бодит цагийн горимоор буюу банк хооронд цөөн хэдэн секундэд дамжуулж байна. Нэг сая төгрөгөөс дээш дүнтэй банк хоорондын тооцоог их дүнтэй гүйлгээнд тооцон Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газраар дамжуулан цаг тутамд гүйцэтгэж байна. Арилжааны банкуудаас өөрийн салбар банкуудтай он-лайн, утсан буюу дайл-ап зарчмаар холбогдон орон нутаг дамжсан төлбөр тооцоог 1-2 өдөрт багтаан хэрэгжүүлж байна. Монголбанкны ТТТ нь арилжааны банкуудын төвтэй өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон санхүүгийн дундын сүлжээг байгуулж, техник програм хангамжийн шинэ технологийг нэвтрүүлж, мэдээллийн нууцлал, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж, цахим мэдээ дамжуулах олон улсын ISO 8583 стандартаар ажиллаж байна. Ингэснээр иргэд, харилцагчдын банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлж, бэлэн бус төлбөр тооцоог тоо болон дүнгээр өсгөн нэмэгдүүллээ. 2000 онд банк хооронд нийт 1,2 их наяд төгрөгийн 695 мянган гүйлгээ хийгдэж байсан бол 2007 онд 14,3 их наяд төгрөгийн 3,6 сая гүйлгээг хийж, гүйлгээний тоо 5 дахин, дүн нь 12 дахин нэмэгджээ. 2007 оны байдлаар банк хоорондын гүйлгээний үнийн дүнгийн 2,8 хувь нь бага дүнтэй, 97,2 хувь нь их дүнтэй гүйлгээ эзэлж байна. Нийт гүйлгээний тооны хувьд 84,9 хувийг бага дүнтэй гүйлгээ эзэлж байна.

Монгол улсын эдийн засгийн хөгжил дэвшил, өсөлтийг илэрхийлэх чухал үзүүлэлтүүдийн нэг болох ДНБ-ийн эргэцийг гаргахдаа Монголбанкаар дамжин хийгдсэн банк хоорондын төлбөр тооцооны үнийн нийт дүнг ДНБ-д харьцуулж үзэхэд 2001 оны 1.7 байсан бол 2007 онд 4.3 болж хурдасжээ. Хэдийгээр Монгол улсын төлбөр тооцооны үзүүлэлтүүд эерэг байдлаар өсч байгаа боловч бэлэн мөнгөний тоо хэмжээ нэмэгдсээр байна. Иймд бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрүүдийг нэвтрүүлэх, төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэн улам боловсронгуй болгон хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Төлбөр тооцооны систем өндөр хөгжсөн орнуудын туршлагаас үзэхэд төлбөр тооцоог Төв банкаар дамжуулан бодит цагийн горимоор (Real Time Gross Settlement) дараахь системүүдийг ашиглан гүйцэтгэж байна. Үүнд:
1) Системийн ач холбогдол бүхий их дүнтэй төлбөр тооцооны систем
(large-value system or systematically important payment system),
2) Бага дүнтэй төлбөр тооцооны систем (retail payment system),
3) Үнэт цаасны төлбөр тооцооны систем (delivery versus payment system),
4) Гадаад валютын төлбөр тооцооны систем (payment versus payment system)

АНУ-ын Төв банк бодит цагийн горимоор ажиллах системийг анх 1971 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлснээс хойш 90 гаруй оронд төв банкууд энэ системийг эрчимтэй ашиглаж байна. Монголбанк энэ системийг банк хоорондын төлбөр тооцоонд үе шаттайгаар нэвтрүүлж, их дүнтэй гүйлгээг энэ системд хамруулах ажлыг 2008 оноос эхлүүллээ. Энэхүү системд шилжсэнээр банк хоорондын төлбөр тооцоо цаг хугацааны хоцрогдолгүй явагдаж, улмаар банкуудын хөрөнгийн эх үүсвэрийг бодит цагийн горимоор тооцох боломж бүрдэнэ.

Төлбөр тооцооны системийн хөгжлийг тодорхойлох нэг хэмжүүр нь бэлэн мөнгийг бага хэрэглэж, бэлэн бус төлбөрийн хэрэгслүүдийг түлхүү ашиглаж байгаа түвшин хэвжээ байдаг. Төлбөрийн хэрэгслийн шинэ дэвшилтэт хэлбэрүүдийг зах зээлд нэвтрүүлж, бэлэн мөнгөний гүйлгээг багасгах нь бэлэн мөнгө тоолох, хадгалах, тээвэрлэх, хэвлүүлэх ажиллагааны зардал, эрсдлийг бууруулж, бэлэн мөнгөтэй холбоотой хулгай, дээрэм, авилгал, татвараас зайлсхийх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлж, банк санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд улам бүр ойртуулна. Манай орны төлбөр тооцоонд төлбөрийн даалгавар зонхилж, төлбөрийн нэхэмжлэл, аккредитив, вексель, чек, карт хэрэглэгдэх нь хязгаарлагдмал хэвээр байна. Өндөр хөгжилтэй орнуудад төлбөрийн карт нь бэлэн мөнгийг орлох төлбөрийн хэрэгсэл болж хэвшжээ. Тухайлбал, Исландад ДНБ-ний 1, Финляндад 1.8, Англид 3.3, Швед 1, Америкт 6, Сингапурт 7.9 хувьтай тэнцэх төлбөр тооцоо зөвхөн бэлэн мөнгөөр хийгдсэн байна. Манай орны хувьд, төлбөрийн карт сүүлийн 2-3 жилд зах зээлд нэвтэрч байгаа төлбөрийн шинэ хэрэгсэл болоод байна. 2007 оны жилийн эцсийн байдлаар арилжааны 10 банк төлбөрийн карт гаргаж, нийт 538,9 мянган карт хэрэглэгч 4,4 сая картын гүйлгээгээр 651,5 тэрбум төгрөгийн төлбөр тооцоог хийсэн. Үүнийг ДНБ-д харьцуулж үзвэл 14.2 хувийг эзэлж байгаа нь чамлалтгүй сайн үзүүлэлт бөгөөд энэ үзүүлэлтийг олон улсын жишиг хэмжээнд хүргэхэд бүх талын хамтын ажиллагаа чухал байна.

Төлбөр тооцооны системд Төв банкны гүйцэтгэх үүрэг
Төв банкны төлбөр тооцооны системд гүйцэтгэх үүрэг дэлхий дахинд улам бүр өсч байна. Сүүлийн жилүүдэд төлбөр тооцооны системийн эдийн засгийн үр өгөөж, санхүүгийн эрсдлийн талаарх асуудлууд Төв банкуудын анхаарлыг ихээхэн татах боллоо. Төлбөр тооцооны системийн үйл ажиллагааг найдвартай зохион байгуулж гүйцэтгэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор хяналт тавих нь Төв банкны үндсэн үүргүүдийн нэг болсон. Иймд олон улсын төлбөр тооцооны банк (ОУТТБ) төлбөр тооцооны системийн загвар, түүнд мөрдөх үндсэн стандарт, тэргүүлэх туршлагыг судалж, холбогдох мэдээллийг боловсруулах, тэдгээрийг төв банкуудад хүргэх үүрэг бүхий Төлбөр тооцооны хороог байгуулсан.

Тус хорооноос үндэсний төлбөр тооцооны системийг хөгжүүлэх 14 зүйл бүхий зөвлөмж, их дүнтэй төлбөр тооцооны системд мөрдөх үндсэн 10 зарчим, Төв банкнаас төлбөр тооцооны системд тавих хяналтыг хэрэгжүүлэх 5 зарчим, улс хоорондын болон олон төрлийн валютын төлбөр тооцоог гүйцэтгэх, нийлж тохируулах тухай Ламфалюси (Lamfalussy)-ийн стандартыг олон улсад нийтлэг хэлбэрээр боловсруулан гаргаж, жишиг болгон мөрдүүлж байна.
Өнөөдрийн байдлаар, Европийн төв банкуудад Европын Холбооноос гаргасан, бусад улс орны хувьд Олон улсын төлбөр тооцооны банкнаас гаргасан төлбөр тооцооны стандартуудыг мөрдөж байгаа бөгөөд Дэлхийн банк, ОУВС-гаас төлбөр тооцооны системд үнэлгээ хийхдээ энэхүү стандартыг баримталдаг байна.
Монгол улсын хэмжээнд эдгээр үндсэн зарчмуудын хэрэгжилтэд үнэлгээ хийж үзэхэд бүрэн хэрэгжсэн гэсэн дүгнэлт хийх боломжгүй байна. Ялангуяа хууль эрхзүйн орчныг сайжруулах, системийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагаа нь тайлагнах боломжтой, ил тод байх зарчмуудыг хэрэгжүүлэхэд төлбөр тооцооны системийн оролцогчид бид түлхүү анхаармаар байна.

Аль ч улс орны төв банк нь үндэсний төлбөр тооцооны системийн хэвийн жигд ажиллагааг хангах, санхүүгийн системд учирч болох “гинжин нөлөө”-нөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төлбөр тооцооны системийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.
Төлбөр тооцооны системийн хяналтын бодлого, стандарт, шалгууруудыг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр мэдээлэх, олон улсын стандартыг дагаж мөрдөх, хяналтыг үр дүнтэй явуулах чадавхи, бүрэн эрхээр хангагдсан байх, хяналтыг тасралтгүй хийх, хяналтыг хийхдээ бусад эрх бүхий байгууллага, төв банкуудтай хамтран ажиллах зэрэг хяналтын үндсэн зарчмуудыг төв банк бүрэн хэрэгжүүлэх ёстой.

Манай орны хувьд төлбөр тооцоонд бэлэн мөнгөнөөс гадна бэлэн бус төлбөр тооцооны их ба бага дүнтэй системийг нэвтрүүлэн Төв банкны ТТТ-өөр дамжуулан банк хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа, ТТТ-ийн нэгдсэн сүлжээ нь хэрэглэгчийн хувьд бага өртөгтэй, үр ашигтай, цаашид шинэ систем нэвтрүүлэн өргөжүүлэх боломжоор бүрэн хангагдсан, мөн төлбөрийн картын хэрэглээ өргөжиж байгаа хэдий ч төлбөр тооцооны системийг хяналттай, ил тод, үр ашигтай хэлбэрээр удирдах, учирч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлох, удирдахад системийн оролцогч талууд болон төв банкны гүйцэтгэх үүргийг тодорхой болгон зааглаж энэ чиглэлээр Төв банкнаас тавих хяналтыг зохицуулсан төлбөр тооцооны системийн тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж сайжруулах нь зүйтэй байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай, Банкны тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Векселийн тухай хууль болон холбогдох дүрэмд төлбөр тооцооны талаар заасан хэдий ч төлбөр тооцооны системийн хөгжил дэвшилтэй уялдуулан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах, төлбөр тооцооны системийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагаа, тэдгээрийн төлбөрийн чадвар, барьцаат зээлийн эх үүсвэрээр төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг зохицуулсан Төлбөр тооцооны хуулийг шинээр боловсруулан батлуулах саналыг Та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний төлбөр тооцооны системийн хэтийн зорилго нь бэлэн бус төлбөр тооцоо давамгайлсан системийг бий болгох, нийгмийн бүх иргэдэд банкны үйлчилгээг түргэн, шуурхай, тасралтгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх явдал юм.
Үүний тулд Монголбанк нь төлбөр тооцооны системийг шинэчлэх, бэлэн бус төлбөр тооцооны шинэ дэвшилтэт хэрэгслийг нэвтрүүлэх, түүний давуу талыг ашиглаж нийтийн хэрэглээ болгох, үндэсний төлбөр тооцооны системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн бүхий л салбарыг хамарсан бага өртөг бүхий төлбөрийн системийг бий болгох, ингэснээр төлбөрийн хэрэгсэл, төлбөр тооцооны систем болон банкны үйлчилгээг бүх насны иргэдэд газарзүйн байршил, орлогын түвшин, цаг хугацаанаас үл хамааран түргэн, шуурхай хүргэх, түүнд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх замаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Юуны өмнө үндэсний төлбөр тооцооны системийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг олон улсад мөрдөж буй стандартын дагуу тодорхойлсон стратегийн баримт бичгийг боловсруулан гаргах шаардлага зайлшгүй гарч байна. Үүний тулд энэ тэргүүнд төв банк, арилжааны банк болон санхүүгийн гол байгууллагууд болох Сангийн Яам, Хөрөнгийн бирж, ҮЦТТТХБ –ын төлөөллөөс бүрдсэн төлбөр тооцооны үндэсний зөвлөлийг байгуулах нь зүйтэй юм. Ингэснээр төлбөр тооцооны системд оролцогч талуудын /банк, ТТТ, төв банк болон системийг нийлүүлэгч байгууллагууд/ хүлээх үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны горим, баримтлах зарчмын талаар үндэсний хэмжээнд зөвшилцөлд хүрэх, нэгдсэн бодлогыг хэргжүүлэх боломжтой болно.

Үндэсний төлбөр тооцооны системд тавигдах шаардлага, зорилтууд
Үндэсний төлбөр тооцооны системийн шууд бус хэтийн зорилго нь бэлэн бус төлбөр тооцоо давамгайлсан системийг бий болгох, түүгээр дамжуулан иргэдэд банк, санхүүгийн иж бүрэн цогц үйлчилгээг газар зүйн байршил, орлогын түвшин, цаг хугацаанаас үл хамааран түргэн, шуурхай, тасралтгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх явдал юм.
Иймээс дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1) Монгол улсын төлбөр тооцооны системийг шинэчлэн, олон улсын түвшинд хүргэн хөгжүүлэх
2) бэлэн бус төлбөр тооцооны шинэ дэвшилтэт хэрэгслүүдийг нэвтрүүлэх, түүний давуу талыг нийтийн хүртээл болгох
3) төлбөр тооцооны системийн тасралтгүй, найдвартай, үр ашигтай ажиллагааг хангах
4) Бэлэн бус төлбөр тооцооны системийг хөгжүүлэх дунд хугацааны мөрдөх стратегийн баримт бичгийг боловсруулан батлах
5) Төлбөр тооцооны системийн үндэсний зөвлөлийг байгуулах
6) Олон Улсын Төлбөр Тооцооны Банкнаас гаргасан үндэсний төлбөр тооцооны системийг хөгжүүлэх зөвлөмж, зарчмуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэх

Төлбөр тооцооны үндэсний зөвлөлийг байгуулахдаа системийн оролцогч нарын төлөөллийг бүрэн хамруулах, үүнд Төв банк, арилжааны банкууд, СЗХ, СЯ-ны Төрийн сангийн газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн алба (ҮЦТТТХА), төлбөрийн үйлчилгээний болон мэдээллийн технологийн байгуулагуудын төлөөллөөс бүрдсэн зохистой бүтцийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр төлбөр тооцооны системд оролцогч талуудын /банк, ТТТ, тиөв банк болон системийг нийлүүлэгч байгуулагууд/ хүлээх үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны горим, баримтлах зарчмын талаар үндэсний хэмжээнд зөвшилцөлд хүрэх, нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болно.
Төв банк нь төлбөр тооцооны системд учирч болох болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүнийг удирдахад оролцогч талууд болон Төв банкны гүйцэтгэх үүрэг, төлбөрийн системд Төв банкнаас тавих хяналтын бодлого, зарчим, стандартуудыг тодорхойлох, төлбөрийн системийн хяналтыг хэрэгжүүлнэ.

Төлбөр тооцооны их дүнтэй гүйлгээг бодит цагийн горимд нэвтрүүлснээр харилцагчдын гүйлгээ цаг хугацааны аливаа хоцрогдолгүй хийгдэх бүрэн боломжтой боллоо. Иймээс банкуудын активын удирдлага улам сайжирч, төлбөрийн чавдар болон үйл ажиллагааны эрсдэл багасах, төлбөрийн системийн нууцлал, боловсруулалтын чадамж нэмэгдэх давуу талтай. Гэхдээ их дүнтэй гүйлгээг бодит цагийн горимд шилжүүлэхийн тулд банкууд нь төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг маш нарийн тооцоолж, хэтийн төлөв, үнэлгээг урьдчилан төлөвлөж сурах нь эрсдэлийг бууруулж, төлбөр тооцоог саатуулахгүй гүйцэтгэхэд тусална. Энэ чиглэлээр банкууд холбогдох ажилтнуудаа сургаж бэлдэх, түүнд төв банкнаас тусалж ажиллах чиглэл баримталж байна. Иймээс энэхүү асуудлыг Монголбанк, банкуудын удирдлага бүх түвшинд сайтар судлан хэлэлцэж үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, бэлтгэлтэй байх нь төлбөр тооцооны гүйлгээг хэрэгжүүлэхэд үүсэх аливаа эрсдэл, цаашилбал төлбөрийн чавдарын, үйл ажиллагааны, нэр хүндийн эрсдэлүүдийг бууруулан хянаж ажиллах бололцоотой болох юм.

Төлбөрийн картын хэрэглээг өргөжүүлэх, бэлэн мөнгийг багасгах бодлогын хүрээнд төв банк нь картын клирингийн ажиллагааг нэвтрүүлэх, шаардагдах хууль, эрх зүй, техник хангамжийг зохион байгуулах, хянах зорилго тавьж байна. Төлбөрийн картын банк хоорондын төлбөр тооцоог үндэсний хэмжээнд ийнхүү зохицуулснаар төлбөрийн картын үйл ажиллагааны эрх зүйн баримт бичигтэй болох, нэгдсэн стандарт бүхий үндэсний сүлжээ бий болгох, програм хангамж, техник, тоног төхөөрөмжийн стандартын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, төлбөрийн картын банк хоорондын гүйлгээний төлбөр тооцооны клиринг хийх, картын үйл ажилллагаанд оролцогч талуудын хүрээг нэмэгдүүлэх, нээлттэй стандартын бодлого хэрэгжүүлэн монополчлолыг задалж, шударга өрсөлдөөний зарчмыг тогтоох, нэг ПОС терминалаар бүх банкны картыг унших боломжийг бүрдүүлэх, харилцагчдад шуурхай үйлчлэх, төлбөрийн карт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд мониторинг хийх боломжийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Төлбөр тооцооны системийн тасралтгүй үйл ажиллагааг найдвартай хангахад төв банк, банкууд, төрийн сангийн газар болон ҮЦТТТХА-ууд нь бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах нөөц төлөвлөгөө хөтөлбөртэй байх хэрэгтэй. Хөтөлбөрийг туршиж гэнэтийн хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд ажиллах чадамжтай байхаар бэлтгэлийг хангаж, эдгээр байгууллагуудын нөөц төвүүдийг хооронд нь холбосон байвал зохино. Энэ чиглэлээр бид хамтран ажиллах шаардлагатай.

Бид үндэсний төлбөр тооцооны системийг ийнхүү сайжруулан боловсронгуй болгосноор түүгээр дамжуулан 1-т, банк санхүүгийн салбарын иж бүрэн, үр ашигтай мэдээллийн сүлжээ тогтолцоог бий болгож чадна. 2-т, ийм тогтолцоог иж бүрнээр бий болгосноор эдийн засгийн үр ашигтай, зөв шийдвэр гаргахад шийдвэрлэх нөлөө үзүүлэх ба мөнгөний эргэцийг хурдасгах, эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг дайчлан зээлийн хүүг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинэ ажлын байрыг бий болгон эдийн засгийн өсөлт хөгжилтөнд нэмэр оруулна. 3-т, төлбөр тооцооны системд оролцогчдын хүрээг нэмэгдүүлж, ялангуяа алслагдсан нутгуудад байгаа оршин суугчдад санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хүргэх зорилтыг шийдвэрлэхэд чухал түлхэц болно.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө,
Банкууд хэдийгээр бие даан үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч үндэсний төлбөр, тооцооны системийг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах нь нэн чухал шаардлагатай байна.
Энэ зөвлөлгөөний үр дүнд Та бүхний идэвхтэй оролцоо, санаачлагаар Төлбөрийн системийн Үндэсний зөвлөл байгуулагдаж, Монгол улс бэлэн бус төлбөр тооцооны системийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги бичиг баримттай болно.
Зөвлөлгөөн нь Монгол улсын төлбөр тооцооны систем төдийгүй нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, мэдээллийн технологийн өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаар хэлэлцсэн, бүтээлч, үр дүнтэй уулзалт болно гэдэгт гүнээ итгэлтэй байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments:

Post a Comment